Кабардино-Балкарийн Нальчик хотод “Баривчилгаа” тусгай ажиллагаа явагдаж байна.
Өчигдөр оройн эфирийн дараа “Вести” хөтөлбөрийн нэвтрүүлэгч Казбек Геккиевийг бууджээ. 28 настай сэтгүүлч залууг гэртээ харихаар явж байх замд үл таних хоёр этгээд дөхөж ирэн: “Чи теле хөтлөгч Казбек Геккиев мөн үү?” гэж асуун, “Тийм ээ” гэсэн хариулт сонсонгуут шууд буудсан аж.
Нийслэлээс туршлагатай мөрдөгч, шинжээчид Кабардино-Балкарт очсон байна. Гэмт хэрэгтэй холбоотой байж болох хэд хэдэн хувилбарыг шалгаж байгаа ба юуны түрүүнд түүний ажил, мэргэжилтэй холбоотой сэжүүрүүдийг нягталж байгаа аж.
Гэвч залуу сэтгүүлч хурц асуудлуудыг хөндсөн сурвалжлага, нийтлэл бичдэггүй байсан нь тогтоогджээ. Харин түүний өмнө “Вести” мэдээ хөтөлдөг байсан хоёр сэтгүүлчийг улс төр, эдийн засгийн гэмт бүлэглэлүүдийн зүгээс нэг бус удаа сүрдүүлэн заналхийлж байсан аж. Энэ талаар сэтгүүлчид эфирт тодорхой ярьсны дараа ажлаасаа халагдан, тэдний оронд Казбек Геккиевийг мэдээний нэвтрүүлэгчээр авсан байна.
Сэтгүүлч залуугийн аллага Лхагва гаригийн орой Кировын гудамжинд үйлдэгдсэн ба хэргийн газраас цагдаа нар 9 мм калибрын хоёр сумны хонгио олсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )