Сирийн дайчид Дамаскийн олон улсын нисэх буудлыг эзэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 08

Сирийн дайчид Баасан гаригт Дамаскийн олон улсын нисэх буудлыг эзлэн авч, уг газар нутгийг “байлдааны хаалттай бүс” хэмээн зарлажээ. Босогчид ард олныг нисэх буудлын газар нутаг руу ойртохгүй байхыг сануулан, Дамаскт нислэг үйлддэг олон улсын нисэх компаниуд руу санамж бичиг илгээсэн байна.

Тэд нисэх буудлыг хяналтдаа барин, байлдааны давшилт хийхэд хамгийн тохиромжтой газар гэж үзэж байгаа аж.

Энэ үеэр Туркт сирийн босогчдын бүлгүүдийн төлөөлөгчид уулзалдан, 30 хүний бүрэлдэхүүн бүхий нэгдмэл командлалаа сонгосон байна. Энэхүү командлал нь сирийн газар нутагт байлдааны ажиллагаа явуулж буй бүх бүлгүүдийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах аж. Сирийн сөрөг хүчнийхний энэхүү уулзалтад АНУ, Их Британи, Франц, Иордан болон Персийн булангийн орнуудын хүчний байгууллагын төлөөлөл оролцсон байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Турк улсад очин, эрх баригчидтай уулзалт хийн, тус орны зүүн өмнө зүгт байрлах сирийн дүрвэгсдийн хуарантай танилцжээ. Тэрээр Сирийн эрх баригчдын зүгээс өөрийн ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэсэн ямар нэгэн нотолгоо баримт алга байна гэжээ. Хэрэв Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм ийм алхам хийхэд хүрвэл энэ нь хэмжээлшгүй их хор уршиг дагуулах асар хүнд гэмт үйлдэл болно гэж анхааруулсан байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top