“Сэнди” хандивын тоглолтод дэлхийн алдартай одууд оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 08

Аравдугаар сарын сүүлчээр АНУ-ын Зүүн эргийг дайрсан “Сэнди” хар шуурганд хэлмэгдэгсдэд зориулсан хандивын тоглолтод уран бүтээлээ толилуулах урлаг, киноны нэртэй одуудын нэр нэмэгдсээр байна. Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохиогдохоор төлөвлөгдөж буй энэхүү арга хэмжээнд Британийн домогт рок-групп The Rolling Stones, Холливудын жүжигчин Леонардо Де Каприо, Кристен Стюарт нар оролцох нь тодорхой болжээ.

Өмнө нь экс-битл Пол Маккартни, рок-хөгжимчин Брюс Спрингстин, дуучин Жон Бон Жови, хөгжмийн зохиолч Эрик Клэптон, рэпер Канье Уист, дуучин Алиша Киз болон рок, поп урлагийн дэлхийн бусад одууд оролцохоор зарлагдаж байсан билээ.

“12-12-12” хэмээх энэхүү концертын бүх тасалбар зарагдаж дууссан ба тоглолтын үнэ 150-2500 доллар байсан аж.

Энэ шоу нь 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагад өртөгсдөд зориулан тус оны аравдугаар сард Пол Маккартнийн зохион байгуулж байсан хандивын тоглолтоос хойшхи хамгийн өргөн цар хүрээтэй буяны үйл ажиллагаа болох аж. Тэр үед 60 гаруй одод оролцсон уг арга хэмжээгээр 30 сая доллар босгон, халдлагад өртөгсдөд тусалж байжээ.

Зохион байгуулагчдын өгүүлж буйгаар, одоо зохиогдох хандивын шоуг дэлхий даяар 2 тэрбум хүн үзэх боломжтой аж. Америкийн 34 телесувгууд шууд дамжуулан, Нью-Йорк, Парис, Лондонгийн төвд байрлуулсан том дэлгэцээр үзэж болох гэнэ.

Д.Мигаа    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top