Хорт хавдраар өвчилсөн Уго Чавес өөрийн залгамжлагчийг нэрлэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 10

Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Диосдадо Кабельо өөрийн орны төрийн тэргүүн Уго Чавесийг “хүнд хэцүү үед нь” дэмжихийг уриалсан байна.

Бямба гаригт Чавес өөрт нь ахин мэс засал хийх шаардлагатай болсныг мэдэгджээ. Хамгийн сүүлд Кубад хийлгэсэн шинжилгээгээр түүнд шинэ хорт хавдар илэрсэн аж. Энэхүү хагалгаа нь өнгөрөх оны зургаадугаар сард Венесуэлийн Ерөнхийлөгчид хавдрын өвчлөл илэрснээс хойшхи дөрөв дэх мэс ажилбар юм.

Ерөнхийлөгч Чавес хүнд өвчинтэй тэмцэж буй жил хагасын хугацаанд анх удаа өөрийн залгамжлагчаа нэрлэжээ. Энэ нь Дэд ерөнхийлөгч ба Гадаад харилцааны сайд Николас Мадуро аж.

“Бид шинжилгээг аль болохоор хурдавчлахаар эмч нартайгаа хамт шийдсэн боловч харамсалтай нь ахин шинээр хавдар үүссэн байна. Шаардлагатай мэс заслыг ойрын өдрүүдэд хийхээр яригдаж байна. Гэвч ямар нэгэн эрсдэл гарахгүй гэсэн баталгаа алга. Хэдий хатуу сонсогдох ч, надтай ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол үндсэн хуульд заасны дагуу ерөнхийлөгчийн үлдэж буй хугацааг Николас Мадуро үргэлжлүүлэх болно” хэмээн Уго Чавес шууд эфирт мэдэгдсэн байна.

Эмч нар түүнд Баасан гаригт хагалгаа хийх ёстой байсан боловч тэрээр эх орондоо очиж, өөрийн ард түмэндээ нөхцөл байдлын талаар биечлэн тайлбарлах хэрэгтэй хэмээн үзсэн аж.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top