“Нобелийн шагнал-2012” өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 11

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд шагнал гардуулдаг уламжлалын дагуу Даваа гаригт Норвеги, Шведэд Нобелийн өдөр боллоо. Осло хотод дэлхийн номинацийн шагналыг гардуулснаар энэ өдөр эхлэв. Ёслолын ажиллагаан дээр энэхүү шагналыг Европын Холбооны төлөөлөгчид хүлээн авлаа. Харин Стокгольм хотод физик, хими, анагаах ухаан, эдийн засгийн салбарт гайхалтай амжилтууд гаргасан орчин үеийн шилдэг эрдэмтдийн шагналыг гардууллаа.

Швед, Норвегийн нийслэлүүдэд Нобелийн шагналтнууд болон зочдод зориулсан баярын үйл ажиллагаа өрнөж байна. Энэхүү газарзүйн зохион байгуулалт нь уг шагналыг үндэслэгч Альфред Нобелийн гэрээслэлд тусгагдсан аж. Дэлхийн шагналыг Ослод гардуулаад, бусдыг нь Стокгольмд гардуулдаг. Энэ жил Нобелийн есөн шагналтан хүндэт диплом, алтан медалиа Шведийн нийслэлд XVI Карл Густав хааны гараас авчээ.

Нобелийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өндөр шаардлага бүхий дээд зэрэглэлийн арга хэмжээнд тооцогддог. Оролцогчид хувцаслалтын хатуу журамтай. Эрчүүд нь зөвхөн смокинг өмсөж, цардсан цагаан цамц, цагаан эрвээхэй зангиа зүүн, хар оймс, сонгодог загварын хар өнгийн гуталтай байх ёстой аж. Харин бүсгүйчүүд шал шүргэсэн урт, үдэшлэгийн даашинз өмсөнө.

Энэ жил 111 дэх удаагийн Нобелийн шагнал гардуулах ёслол болж байна. Өмнө нь 10 сая крон буюу 1,5 сая ам.долларын мөнгөн урамшуулалтай байсан бол энэ жил таагүй нөхцөл байдлаас шалтгаалан, 8 сая крон буюу 1,2 сая ам.доллар хэмжээтэй болж буурсан байна.

1901 оноос эхэлсэн энэхүү шагналыг нийт 863 хүн хүртжээ. Зарим тохиолдолд хувь хүн бус албан байгууллагад өгч байсан аж. Энэ удаагийн хамгийн ахмад “нобель”- 89 настай, америкийн эдийн засагч Ллойд Шэпли, хамгийн залуу нь 50 настай, японы эмч Синъя Яманака нар байв.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top