Севастополийн мотоциклч Виктор Губриенко дэлхийг тойрох мотоциклтой аяллаар явж байгаа аж. Тэрээр саяхан нэгэн таагүй явдалтай учран, аялал нь золтой л дуусчихсангүй.
Виктор бол туршлагатай мотоциклч. 1982 оноос хойш 30 жил мотоцикл унаж байгаа аж. Тэр хэдийгээр Honda Gold Wing-тэй мото аяллын европын холбооны гишүүн боловч энэ удаа Gold Wing-ээр бус Honda Africa Twin-тэй тойрон аялалдаа гарсан байна.
Мавританийн нутаг дэвсгэрт хоноглож байх үед нь үл мэдэх этгээдүүд түүнийг арай л амьдаар нь шатаачихсангүй. “Намайг майхнаас маань чирж гаргаад, тостой муухай даавуу аманд чихэн, муусайн дугуйгаар дарж овоолон, мотоциклийн бензинийг дээрээс асган шатаах гэтэл азаар тэдэнд шүдэнз, асаагуур олдохгүй будилж байх хооронд нь ойролцоох цагдаагийн хэсгээс хүмүүс гүйн ирж тэднийг хөөж явуулсан” хэмээн тэрээр ярьжээ.
Виктор Мавританийн нутгаас яаравчлан гарч одоо Мали улсад явж байгаа аж. Мавританид тохиолдсон зүйлээ тэрээр “аймшиг” хэмээн нэрлэж, өмнө зүгт явж байгаа замынх нь хажуугаар нил машины сэг, хүн, амьтны араг яс хөглөрч байгаа нь үнэхээр юу ч тохиолдож болзошгүйг гэрчилж байна хэмээн өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )