Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралтын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс 2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр тодруулжээ. Энэхүү шалгаруулалтад орсон хүмүүсийн намтрыг ном болгон хэвлэж Кембридж, Харвард зэрэг томоохон сургуулиудын номын сангуудад тараадаг юм байна.
Тэрбээр 1991 оноос хойш өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 30 гаруй удаа гаргаж, бусадтай хамтарсан 70 орчим үзэсгэлэнд оролцжээ. Мөн Монголын зураач эмэгтэй уран бүтээлчдээс бие даасан үзэсгэлэнгээ гаргах салхийг хагалсан гэдэг. Сэр-Одын Саранцацралт жирийн нэг зураач биш, түүний бүтээлүүд зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг төдийгүй үргэлж шинийг нээж бусдыг сэрээж байдаг билээ. Монголын уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн цоо шинэ, өвөрмөц өнгө төрхөөр ялгарч чадсан уран бүтээлч бүсгүйдээ баяр хүргэе.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )