Өмнөд Солонгосын дуучин PSY-н алдар өргөжин тэлсээр Цагаан ордонд хүрчээ. Арванхоёрдугаар сарын 9-нд тэрээр Вашингтонд Ерөнхийлөгч Барак Обамагийн өмнө дуулжээ. Хэдэн жилийн өмнө энэхүү солонгос эр америкчуудыг алахыг уриалж байсныг төрийн тэргүүн мэдээгүй бололтой.
Пак Чжэ-сан хэмээх рэпер PSY АНУ-ын эрх баригчдын зүгээс зохион байгуулж буй хандивын үдэшлэг дээр дуулсан аж. 2004 онд болсон түүний шоу тухайн үед үзэж байсан америкчуудыг эгдүүцүүлж байжээ. Gangnam Style клип нь Youtube-н түүхэнд хамгийн их рекорд тогтоогоод буй уг рэпер найман жилийн өмнө “Эдгээр новшийн америкчуудыг алцгаа, тэднийг удаанаар, тамлаж алцгаа” гэсэн үгтэй дуу бичин, дуулж байсан билээ. Уг дууны санаа нь тухайн үед Афганистан руу довтолсон АНУ-ын дайчдын халдлагад зориулагдсан аж.
Тэрээр саяын тоглолт дээрээ найман жилийн өмнөх энэхүү үйлдлийнхээ төлөө америкийн өндөр түвшний үзэгчдээс уучлалт гуйсан байна.
Гэсэн хэдий ч түүний Цагаан ордонд дуулсан явдал америкийн олон сэтгүүлчдийн дургүйцлийг төрүүлжээ. “Хамгийн сүүлийн удаа америкийн ямар авьяастнууд манай “томчуудын” анхаарлыг татаж байсныг та нар санаж байна уу? Гэтэл одоо тэдний байр суурийг манай орныг үзэн яддаг Азийн нэг муу коммунист новш эзэгнэж байна” хэмээн Examiner.com сайтад бичжээ.
Гэвч Барак Обама хандивын үдэшлэг дээр үг хэлэхдээ, мөдхөн болох Зул сарын баяр бидэнд олон сайхан зүйлийг илгээж буйн нэг нь бусдыг уучлах явдал юм хэмээн өгүүлжээ.
Цагаан ордонд PSY-аас гадна Дайна Росс, American Idol-ын ялагч Скотти Маккрири, теле од Меган Хилти нар уран бүтээлээ толилуулсан байна. Уг концертыг арванхоёрдугаар сарын 21-нд америкийн телевизээр дамжуулах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )