Эх сурвалжуудаас ирж буй мэдээллээр, Хойд Солонгосын хөөргөсөн хүнд пуужин Филиппинээс зүүн зүгт 300 км-т, манайхаар 09:05 цагт Номхон далайд унажээ. Японы Засгийн газраас мэдээлснээр, пуужингийн хэсгүүд Өмнөд Солонгосоос баруун зүгт Шар тэнгист, мөн баруун өмнө зүгийн Дорнод-Хятадын тэнгист унасан аж.
Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хөөргөсөн баримтыг Өмнөд Солонгосын цэргийн хүчнийхэн баталсан байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Ли Мен Бак аюулгүй байдлыг хангах албадын дарга нартай шуурхай зөвлөгөөн хийжээ.
Японы Ерөнхий сайд Есихико Нода мөн аюулгүйн зөвлөлөө яаралтай хуралдуулсан байна. Японы Засгийн газар Хойд Солонгосын пуужинг анхааралтай ажиглан, Өмнөд Солонгосын түншүүдтэйгээ байнга санал бодлоо солилцож байжээ.
Дашрамд дурдахад, 2012 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгос мөн ийм төрлийн пуужин хөөргөх оролдлого хийсэн боловч нөгөөх нь хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа агаарт дэлбэрэн, Өмнөд Солонгосын эрэг орчмын Шар тэнгист унасан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )