Холбооны нөөцийн системийн дарга Бен Бернанкегийн мэдэгдсэнээр, АНУ-ын эдийн засагт аль эртнээс төсвийн хямралын сөрөг нөлөө нүүрлээд байгаа аж. Хэрэв ардчилагчид ба бүгд найрамдахчууд хэт баян америкчуудын татварын хөнгөлөлтийг цуцлах талаар харилцан тохиролцоонд хүрч чадахгүй бол ойрын хугацаанд төсөв хямрах аюулын харанга дэлдээд байна гэжээ.
Энэхүү хөнгөлөлтийн хүчинтэй хугацаа оны эцсээр дуусах ба ардчилагчид түүнийг цуцлах, бүгд найрамдахчууд үргэлжлүүлэх саналтай байгаа аж. Хэрэв талууд харилцан ойлголцохгүйд хүрвэл 2013 он эхлээд бүх хүн амын хувьд татвар өсөх магадлалтай байна.
Бернанке хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, хэдийгээр Холбооны нөөцийн системийн зүгээс нөхцөл байдлыг сайжруулахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байгаа боловч зардлын бууруулалт, татварын хөнгөлөлтийн талаар тодорхой шийдэлд хүрэхгүй бол энэ нь эдийн засагт хүндээр тусахаар байна хэмээн өгүүлжээ. Мөн Цагаан ордон болон Конгресс асуудлыг эерэгээр шийдвэрлэх талаар үг хэлээ ололцож чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )