Германы нутаг дэвсгэрт байгаа Deutsche Bank-ны бүх оффист нэгжлэг явуулсан байна.
Өглөөний 8 цаг болоогүй байхад хүчний байгууллагын 300 орчим ажилтнууд Deutsche Bank-ны төв байранд “десант буулган”, хэдэн арван компьютерууд, хэдэн зуун кг цаасан баримтуудыг шалгахаар хураан авч, таван ажилтныг баривчилсан байна. Мөн ийм төрлийн нэгжлэг Берлин, Дюссельдорф дахь салбарууд болон баривчлагсдын орон гэрт хийгджээ.
Дараа нь прокурорын газраас тайлбарлахдаа, энэ бүх арга хэмжээ нь өнгөрсөн жилээс хойш шуугиан тариад байгаа мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гэжээ. Энэ нь хүлэмжийн хийн бууралтын квот наймаалцсан хууль бус явдал юм байна. Мөн татвараас зайлсхийсэн үйлдэл гаргасан аж.
230 сая еврогийн татвар төлөөгүй нь илрэн, банкны 6 ажилтан 3-6 жилийн ял авсан байна. Харин одоо эдгээрээр уг хэрэг хязгаарлагдахгүй, дор хаяж ахин 25 сэжигтэн байна хэмээн Прокурорын газраас мэдэгджээ. Ялангуяа топ-менежерүүд их анхаарал татаж байгаа аж.
Тус банкны гүйцэтгэх захирал Юрген Фитшен, санхүү хариуцсан захирал Штефан Краузе нар 2009 онд банкны татварын тооцоог баталгаажуулсан хүмүүс юм байна. Түүнд Deutsche Bank-ны орлогыг илт дарж мэдээлсэн байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )