Парис хотноо олон арван жил таргалалтын эсрэг эм бэлдмэл үйлдвэрлэн борлуулж байсан Mediator брэндийн эзэн, 90 настай Жак Сервьег шүүх ажиллагаа явагдаж байна. Янз бүрийн тоо баримтаас харахад, энэхүү эмийн уршгаар тус оронд 500-2000 хүн нас барсан гэж тогтоогджээ. 2009 онд шуугиан үүсгэн, энэ бэлдмэлийг хориглосон байна. Сервье өөрөө бүр 1999 онд энэхүү эмийнхээ аюултай хор нөлөөг тогтоосон боловч мэдэгдэлгүй тас нуун, бүтэн 10 жилийн турш худалдаж борлуулсаар байсан аж.
Францын эм бэлдмэл үйлдвэрлэлийн Mediator корпорацийг үүсгэн байгуулагч Жак Сервьегийн хэргийг Парисын шүүхээр хэлэлцэж эхэлжээ. Тус орны түүхэнд томоохон шуугиан үүсгэсэн анагаахын энэхүү гэмт хэрэгт түүний үүрэг роль ямархуу хэмжээнд байсныг мөрдөгчид тогтоохоор ажилласан байна. Уг бэлдмэл нь албан ёсны улсын бүртгэлтэй байсан бөгөөд жингээ хасахыг хүссэн үйлчлүүлэгчдэдээ эмч нар бичиж өгдөг байсан аж.
Mediator хүмүүсийн амь насанд аюул учруулж байсан нь батлагдсан ба дараахан нь Испани, Итали, АНУ-д хориглосон байна. Энэхүү бэлдмэлийг хэрэглэснээр хүмүүс зүрхний дутагдалд ордог байсан аж. Жак Сервье Mediator эмээ худалдаалах эрхийг хууль бусаар аван, тус эмний үйлчилгээний чанарын талаар олон нийтэд хуурамч мэдээлэл өгч байсан нь 2011 онд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Түүний гэм буруутай үйлдэлд 220 сая еврогийн торгууль ноогдож байгаа ба тухайн үед Францын Ерөнхийлөгч байсан Николя Саркози эм бэлдмэлийн лиценз олгох системийг боловсронгуй болгох шаардлагатай байсанд хүлцэл өчсөн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )