Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “Оны хүнээр” тодорчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

Америкийн долоо хоног тутмын Time сэтгүүлийн ихэнх уншигчдын саналаар “Оны хүнээр” Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тодорчээ. Албан ёсоор ирэх долоо хоногт энэ шалгаруулалт явагдах аж.

Time сэтгүүлд тэмдэглэснээр, Ким Чен Ун эцэг Ким Чен Ирээ нас барснаас хойш төрийн жолоог атгах энэхүү ахархан хугацаанд улс орондоо хяналт тогтоож чадсан, энэ оны хоёрдугаар сард Time сэтгүүлийн нүүрэнд заларсан, тэр бүү хэл “оны хамгийн секси эрээр” тодорсон \гэхдээ энэ алдрыг америкийн The Onion шог сэтгүүлээс өгсөн\ аж.

Уншигчдын санал дээр үндэслэсэн рейтингээр Хойд Солонгосын лидер тасархай ялсан байна. Түүний төлөө 5,6 сая хүн санал өгчээ. Түүний ард шил дарж яваа америкийн шог зохиолч, алдартай теле хөтлөгч Жон Стюарт 2,4 сая хүний санал авсан байна.

Дашрамд дурдахад, Ким Чен Уны энэхүү өндөр үзүүлэлтэд түүний талынхны Интернетэд өрнүүлсэн кампанит ажил тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн Time сэтгүүл онцлон тэмдэглэжээ.

Гуравдугаар байр хууль бус цагаачлагчийн нийтлэг дүр төрхөд \1,55 сая санал\, дөрөвт америкийн гимнастикч Гебби Дуглас \1,51 сая\, тавд Мьянмарын Ерөнхийлөгч Тхейн Сейн болон сөрөг хүчний лидер, энхтайвны Нобелийн шагналтан Аун Сан Су Чжи \1,49 сая санал\ нар оржээ.

Мөн тус сэтгүүлээс явуулсан “сөрөг дүрийн” санал асуулгыг 2 сая хүний саналаар Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси тэргүүлсэн байна.

Арваннэгдүгээр сарын суулээр Time сэтгүүлийн сайт дээр нийтлэгдсэн жагсаалтад 38 шилдэг нэр дэвшигчид оржээ. “Оны хүн” алдрын төлөө дэлхийн нэртэй улс төрчид, бизнесменүүд, хөгжмийн зохиолчид, тамирчид, теле хөтлөгчид, хүний эрхийг хамгаалагчид өрсөлдсөн байна. Тэдний дотор Оросын панк-хамтлаг Pussy Riot , аравдугаар сард дууны хурдыг давсан нислэг үйлдсэн Австрийн скайдайвер Феликс Баумгартнер, Gangnam Style хитээрээ интернетийг байлдан дагуулсан Өмнөд Солонгосын рэпер PSY нар багтсан аж.

Нөлөө бүхий Time сэтгүүлийн албан ёсны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 19-ний өдөр NBC телесувгийн Today нэвтрүүлгээр эцэслэн шийдэгдэнэ. Энэ үед зөвхөн уншигчдын саналаар бус мөн мэргэжлийн шинжээчид, редакторуудын саналыг харгалзан үздэг юм байна. Зарим тохиолдолд уншигчдын санал, редакцийнхтай зөрөх асуудал гардаг аж.

Хамгийн анх Time сэтгүүлийн “Оны хүнээр” 1927 онд, Атлантын далайг анх удаа ганцаар туулсан  америкийн нисэгч Чарльз Линдберг шалгарч байжээ. Түүнээс хойш энэхүү нэр хүндтэй алдрыг бага Жорж Буш, Папа Римский Иоанн Павел II, Уинстон Черчилль, Иосиф Сталин, Адольф Гитлер, Барак Обама нар хүртэж байсан бөгөөд 2007 онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Оны хүнээр” шалгарч байсан билээ.

Д.Мигаа  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top