АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд түүнийг тавих талаар ярилцахгүй байхыг Сюзан Райс хүссэн байна. Энэ талаар Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн өчигдөр тараасан хэвлэмэл мэдэгдэлд дурджээ.
Тэнд өгүүлснээр, Барак Обамагийн шинэ засаг захиргааны бүтцэд Сюзан Райс урьдын адил НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах ба “кабинетийн тулгуур гишүүн” хэвээр байна гэжээ. “Сүүлийн үед худал мэдээлэл, төөрөгдлийн улмаас Сюзан Райс руу шударга бусаар дайрч давшилж байсан явдлуудад би гүнээ харамсаж байна” хэмээн Цагаан ордны тэргүүн өгүүлсэн байна.
Өмнө нь, он гаргаад ажлаа хүлээлгэн өгөх Хиллари Клинтоны оронд тавигдах хамгийн магадлалтай нэр дэвшигч нь Сюзан Райс болох тухай таамаг яриа өрнөн, түүний есдүгээр сарын халдлагад өртөн амь үрэгдсэн Ливи дэх АНУ-ын элчин сайд асан Кристофер Стивенсийн талаар тухайн үед хийж байсан мэдэгдлийн улмаас бүгд найрамдахчууд эрс эсэргүүцэж байгаа билээ.
Тэрхүү эмгэнэлт явдлаас хойш хэд хоногийн дараа Райс мэдэгдэл хийхдээ, энэ халдлага нь интернетээр түгсэн “Мусульманчууд буруугүй” киног эсэргүүцэгчдийн замбараагүйтлээс үүдсэн санамсаргүй тохиолдол байсан хэмээн мэдэгдэж байсан ба харин дараа нь тэрхүү халдлага урьднаас төлөвлөгдсөн, зохион байгуулалттай зүйл байсан нь батлагдсан аж.
Сюзан Райсын тэрхүү мэдэгдлийг бүгд найрамдахчууд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор зориуд АНУ-ын иргэдийг төөрөгдөлд оруулах гэсэн зорилгоор хийгдсэн хэмээн буруутгаж байсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )