Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийхэн Шар тэнгисийн ёроолоос арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Хойд Солонгосын хөөргөсөн “Ынха-3” пуужингийн тасархайг татаж гаргажээ. Энэхүү олзоо сайн судалснаар Хойд Солонгосын пуужингийн технологийн одоогийн нөхцөл байдлын талаар тодорхой төсөөлөлтэй болно хэмээн Сөүл найдаж байна.
Найман цагийн турш уйгагүй ажилласны хүчээр далайн гүнээс 7,6 м урт, 2,4 м диаметр бүхий цилиндр хэлбэрийн объектыг гаргаж ирсэн байна. Түүн дээр “Ынха” гэсэн бичиг байжээ. Энэ нь уг пуужингийн шатахууны бак бололтой хэмээн таамаглаж байгаа аж.
Түүнийг татаж гаргахад ВМС Deep Submergence Rescue Vehicle хэмээх усны гүний тусгай аврагч төхөөрөмжийг ашигласан байна. Эхний шатлалын тасархайнууд Өмнөд Солонгосын Кунсан боомтоос баруун зүгт 160 км зайд орших районоос олдсон бол пуужингийн хоёрдугаар шатлал нь Филиппинээс зүүн зүгт далайд унасан аж.
Пуужингийн тасархайг Баасан гаригт Пхентхэк боомтод тавин, цэргийн болон пуужин зохион бүтээгч мэргэжилтнүүд судалж эхлэнэ. “Эдгээр тасархайнууд нь Хойд Солонгосын пуужингийн технологийг судлахад бидэнд маш чухал материал болно” хэмээн Батлах хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ким Мин Сок мэдэгджээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )