Хиндичүүд “дэлхийн сүйрлээс” аврагдах газрыг зааж өглөө

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

Мөдхөн болох “дэлхийн төгсгөлөөс”  аврагдахын тулд Италийн өмнө зүгт орших Чистернино хэмээх бяцхан тосгонд очихыг хиндичүүд уриалжээ. Тус тосгоны захирагч болон оршин суугчид нь удахгүй бөөн жуулчид ирнэ гээд баярлаад, алгаа ташаад хүлээгээд сууж байгаа аж.

Италийн La Repubblica сонинд энэ талаар нийтлэн, арванхоёрдугаар сарын 21-нээс болгоомжилж байгаа хүмүүсийг Италийн Апулия мужийн энэхүү жижиг газар руу очихыг зөвлөсөн байна. Энэхүү зарыг хиндичүүдийн шүтээн Махаватар Бабажийн сургаалийг дагагчид түгээсэн ажээ.

Энэхүү “авралын зар мэдээ” аль эрт жуулчдын анхаарлыг татаад эхэлсэн байна. “Бүгд манай бяцхан тосгоныг авралын газар хэмээн ярьж байгаа нь бидэнд үнэхээр таатай байна” хэмээн захирагч Донато Баккаро өгүүлжээ. “Байдлаас харахад, урьд хожид үзэгдээгүй их жуулчид ирэх юм шиг байна. Иймд бид зөвхөн уламжлалт Зул сарын үзэсгэлэн худалдаанаас гадна өөр олон сонирхолтой зүйлсийн талаар бодож байна” хэмээн нэмэн өгүүлсэн аж.

Махаватар Бабажи бол XIX-XX зуунд амьдарч байсан хинди гэгээнтэн юм. Түүнийг үхээгүй, одоо хүртэл амьд гэсэн домог байдаг ба үхсэн хүнийг амьдруулсан, нэгэн зэрэг хэдэн газарт үзэгдсэн, маш бага хүнсээр өчнөөн олон хүнийг хооллосон гээд үнэн худал нь мэдэгдэхгүй үлгэр шиг зүйл их яригддаг юм байна.

Бабажиг хиндичүүдийн Ийсус Христ гэж нэрлэдэг ба Энэтхэгчүүдээс гадна дэлхийн олон оронд түүний сургаалийг дагаж мөрддөг хүмүүс байдаг аж. 1979 онд тэд Италийн энэхүү бөглүү Чистернино тосгонд өөрсдийн гэсэн хиндичүүдийн сүмийг байгуулан, ийшээ дэлхийн өнцөг булан бүрээс Бабажийн сургаалийг даган шүтэгчид нь ирэх болсон байна.    

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top