Тагтан дээр түгжигдсэн охиныг аварчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

Манай хойд хөрш Буриадын нийслэл Улаан-Үд хотод тагтан дээрээ түгжигдэн осгох аюулд учирсан охиныг гал сөнөөгчид аварсан байна. Пүрэв гаригт шуурхай дуудлагын 01 утас руу нэгэн орон сууцны барилгын таван давхарт бяцхан охин гэртээ орж чадахгүй байна гэсэн дуудлага ирсэн аж.

Гэрийн нимгэн хувцастай байсан 9 настай Настя охин дэлгүүр рүү явж байгаа өвөө, эмээдээ юм нэмж захихаар балкон дээрээ гүйн гарсны дараа түүний хоёр настай дүү охин нь бариулыг доош нь дараад түгжчихсэн байна.

Тагтны хаалгаа гаднаас нь онгойлгох боломжгүй, мөн ээж, өвөө нар нь ирсэн боловч гэрийн хаалга нь дотроосоо түгжээтэй орж чадахгүй бөөн асуудал үүсчээ. Харин азаар, эсрэг талын байрны нэг эр гэртээ орж чадахгүй  тагтан дээрээ осгох дөхөж байгаа гадуур хувцасгүй охиныг хараад шуурхай алба руу утасдсан аж.

Тагт нь төмөр хаалттай учраас дуудлагаар ирсэн галынхан гэрийн орох хаалгыг эвдсэн байна. Тэдэнтэй хамт мөн “түргэн тусламж” ирсэн ба Настягийн хуруунууд л ялимгүй хөлдсөнөөс бусдаар гайгүй байсан аж.

Энэ долоо хоногийн эхээр Улаан-Үд хотод бараг 34-35 хэмийн хүйтэн байсан ба азаар Настяг балкон дээр түгжигдэх үед хүйтний эрч харьцангуй сулран 20 хэм орчим байсны ачаар охин хөлдөх аюултай тулгараагүй байна.  

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top