АНУ-д гашуудал зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 15

Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургууль дээр болсон эмгэнэлт явдлын улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус оронд дөрвөн өдрийн гашуудал зарлалаа. Америкийн төрийн тэргүүн засгийн газрын байрууд болон гадаадын дипломат төлөөлөгчийн газар дээр буй төрийн далбааг “арванхоёрдугаар сарын 18-ны нар шингэх хүртэл” буулгахыг захирамжилжээ.

Баасан гаригт энэхүү бага сургууль дээр цуст аллага үйлдэгдэн 28 хүн амь үрэгдсэний  20 нь хүүхэд байжээ.  Барак Обама Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ нулимсаа арай ядан барьж, галт зэвсгийн тусламжтайгаар хүмүүсийг үй олноор нь хөнөөж байгаа явдлаас цаашид урьдчилан сэргийлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах болно гэжээ. “Манай оронд ийм үйлдэл олон удаа боллоо: Орегон мужийн худалдааны төвд, Висконсин сүмд, Аврора хотын кинотеатрт, Чикагод гудамжны уулзварт,  одоо энэ Ньютауны бага сургууль дээр” хэмээн өгүүлж, нийт америкчуудыг нам эвсэл үл харгалзан, иймэрхүү эмгэнэлт явдлыг цаашид ахин гаргахгүйн төлөө хамтран тэмцэхийг уриалсан байна.

Коннектикут мужийн эрх баригчид болон хууль сахиулах байгууллагынханд уг хэргийг мөрдөхөд нь шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх болно хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгджээ. Тэрээр цааш нь “Тэдгээр амь үрэгдэгсдийн олонхи нь 5-10 насны бяцхан хөөрхөн үрс байлаа. Тэднийг бодохоор бидний өр зүрх үнэхээр шимширч байна” хэмээн америкийн бүх телесувгаар тусгай мэдэгдэл хийхдээ хоолой чичрүүлэн харамссан байна.

Уг эмгэнэлт явдал орон нутгийн цагаар өглөөний 09:40 цаг орчимд болжээ. Сум нэвтрэхгүй хантааз өмсөж, хоёр гар буу, винтовоор зэвсэглэсэн,  20 настай, хэрэгтэн этгээд Райан Лэнза ангид орж ирэн хичээл зааж байсан багш ээжийгээ эхэлж буудан, дараа нь ангид байсан сурагчид руу гал нээсэн байна. Үүний дараа тэрээр сургуулийн захирал, сэтгэл зүйчээс гадна таван ажилтныг буудан хөнөөжээ.

Орон нутгийн цагдаагийн мэдээлж буйгаар, хэрэгтэн этгээд уг хэргийг ганцаараа үйлдсэн ба түүнийг сургуулийн ойролцоо өөрийгөө буудсан байхыг олсон аж.

Одоогоор хэрэг гарах болсон шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хөрш зэргэлдээ Нью-Жерси мужид ах нарынх нь нэг амь үрэгдсэн байдалтай олдсон байна. Лэнзийн нэг ахыг сэргийлэх баривчлан байцааж байгаа аж.

Ньютаун хот нь Нью-Йоркоос зүүн хойд зүгт 130 км-т оршдог ба тус бага сургуульд 5-10 насны 625 хүүхэд суралцдаг аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top