АНУ-ын хувьд саяхан Ньютаунд болсон эмгэнэлт явдалтай адил зүйлс ховор бус тохиолддог ба жил бүр хэдэн сая буу зэвсэг худалдаалагддаг ажээ. Иргэдийн галт зэвсэг эзэмших энэхүү эрх бүр XYIII зуунд АНУ-ын Үндсэн хуульд хоёр дахь удаагийн засвар оруулахад нээгдсэн юм байна.
Статистик тоо баримтаас харахад, АНУ-ын бараг иргэн бүр галт зэвсэг эзэмшдэг гэсэн тооцоо гарчээ. Америкийн хоёр гэр бүл тутмын нэгд ямар нэгэн галт зэвсэг байдаг аж.
Нэг жилийн дотор тус бүр нь 200-300 долларын үнэтэй 10 сая ширхэг галт зэвсэг зарагддаг ба эзэмших эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан байдаг тул гайхаад байх зүйл биш юм. Зөвхөн олон сум гаргадаг автомат төрлийг л хориглодог ба зарим мужуудад худалдаалах насны хязгаар ч байдаггүй аж. Тэр бүү хэл, Вайоминг, Аризона, Нью-Хемпшир, Аляска мужуудад элдэв лиценз гэхгүйгээр пулемет ч худалдан авч болно. Тус орны ихэнх нутагт лиценз гэсэн ойлголт байдаг боловч энэ нь хүссэн бүхэнд олддог хэлбэрийн төдий зүйл аж.
Жишээ нь, Техас муж зэвсгийн наймаагаар толгой цохидог. Тэнд дурын хүн 15 минутын дотор хагас автомат буутай болж чадна.
Сонин хэвлэл, интернетэд тавигдсан зарын дагуу хэн ч хүссэн зэвсгээ хувь хүнээс худалдан авч болно. Уг зэвсгийг эзэмшигчийн гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг ихэнх нь сонирхдоггүй. Мөн шинэ эзэмшигч нь уг зэвсгийг ахин бүртгүүлэх шаардлагагүй. Боловсролын болон төрийн байгууллагуудаас бусад газарт зэвсэгтэй явж болно. Харин зэвсэг авч явахыг хориглодог ганцхан муж байдаг нь Иллинойс.
Тэгвэл бусад оронд энэ талаар ямар байдаг вэ?
Жишээ нь, Францад гэхэд, зэвсэг эзэмшихийг хүссэн этгээд эрүүл мэндийн бүх нарийн үзлэгээр орж, цагдаагийн газраас тодорхойлолт авч байж зөвшөөрөлтэй болно. Энэхүү зөвшөөрөл нь гурван жил хүчинтэй байх ба хугацаа дуусангуут ахин бүх үзлэг шалгалтаар ордог аж. Канадад бол зөвхөн албан үүргийн чиг шугамаар, хамгаалалтын зорилгоор зөвшөөрдөг. Германд гэмт хэрэгтнүүдийн сонгодог зэвсэг хэмээн нэрлэгддэг помптой бууг худалдаалахыг хориглодог аж.
Энэ бүхнээс харахад, АНУ энэ талаар бараг л хамгийн сул хуультай орон болохоор байна.
АНУ-д жил бүр галт зэвсгийн улмаас хэдэн арван мянган хүн амь үрэгддэг ба зөвхөн 2011 онд гэхэд 32 мянга орчим хүнээс 3 мянга нь хүүхдүүд, 12 мянга нь гэмт хэргийн золиос, 18 мянга нь амиа хорлосон, 600 нь болгоомжгүйгээс амь насаа алдсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )