Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета 85 насны ойгоо тэмдэглэв. Энэ өдөр христийн шашны улаан өндөгний баярын өмнөх Их пүрэв гарагтай давхацсан учир олон зууны уламжлалын дагуу хатан хаан Вестминстерийн сүмд хишиг тараахад оролцжээ. Хатан хаан буян ажлын хүрээнд өөртэй нь нас чацуу 85 эрэгтэй, 85 эмэгтэйг сүмд урьж хишгээ түгээсэн байна. Урилга хүлээн авсан хүн бүр хатан хаанаас улаан болон цагаан ууттай бэлэг авна. Улаанд нь хатан хааны нөхөр Эдинбургийн герцогийн 90 насны ойд /энэ оны зургадугаар сард тэмдэглэнэ/ зориулан гаргасан 5 фунт стерлингтэй тэнцэх зоосон мөнгө, тэрчлэн Лондонд 2012 онд болох Олимпийн наадамд зориулан гаргасан 50 пенсийн зоос хийжээ. Харин цагаанд нь хатан хааны настай адил хэмжээний шинэхэн нэгт, хоёрт, гуравт, дөрөвтийн пенс хийсэн байна. Хишиг тараах ажиллагааг анх удаа “BBC”-гээр шууд дамжуулан үзүүлсэн нь ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 29-нд болох хатан хааны ач хүү , хунтайж Уильям болон Кейт Миддлтоны хуримын зураг авалтын ерөнхий бэлтгэл болжээ. Хэдийгээр хатан хаан дөрөвдүгээр сард төрсөн ч түүний төрсөн өдрийг зургадугаар сарын эхээр улсын баяр болгон албан ёсоор тэмдэглэдэг юм. Дөрөвдүгээр сарын 21-ний өглөө Британи даяар Нэгдсэн Вант Улсын төрийн далбааг мандуулж, хатан хааны төрсөн өдрийг тохиолдуулан Виндзорын цэцэрлэгээс 21, Гайд цэцэрлэгт хүрээлэнгээс 41, Лондоны цамхгаас 62 удаа их буугаар ёслолын буудлага үйлджээ. Тэгээр төгссөн насны ой биш учраас энэ жил хатан хааны төрсөн өдрийг өргөн тэмдэглэхгүй аж. 85 нас хүрсэн хэдий ч хоёрдугаар Елизавета нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, хатан хааны бүх үүргээ хуваарийн дагуу гүйцэтгэсээр байна. Тэрбээр орчин үеийн амьдралын хэв маягаас хоцрохгүйн тулд Facebook, Twitter-т өөрийн гэсэн хаягтай болж, өөрөө бичихгүй ч, агуулгыг нь хянаж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар, хоёрдугаар Елизавета Британийн хаан ширээнд заларсан хугацаагаар түүхэнд гуравдугаарт бичигдэж байна. Нэг сарын дараагаар тэрбээр гуравдугаар Георгийг гүйцэж түрүүлэн, жагсаалтад Виктория хатан хааны дараагаар хоёрдугаарт бичигдэх болно. Жилийн хугацаанд хатан хаан нөхрийн хамт урьдын адил хэдэн зуун аялал хийдгийн олонх нь маш чухал аялалд тооцогдож байна. Сүүлийн жилд айлчлалын хөтөлбөрт хоёр түүхэн үйл явдал тэмдэглэгджээ. 2010 оны есдүгээр сард төрийн албан ёсны айлчлалын хүрээнд Ромын пап XVI Бенедикт анх удаа Лондонд ирсэн бол, Британийн хаадаас анх удаа хатан хаан Бүгд Найрамдах Ирланд Улсад айлчлах гэж байна. Энэ айлчлал тавдугаар сарын хоёрдугаар хагаст болно. Хоёрдугаар Елизавета холын аяллаас ч татгалзахгүй байгаа ажээ. 2011 оны намар тэрбээр Австралид айлчилж, Британийн хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Үүний сацуу одоо Их Британид хатан хааны төр барьсны “бриллиантан” ойд бэлтгэж эхэлжээ. Энэ баяр 2012 оны зургадугаар сарын 3-нд болно. Энэ өдөр олон мянган завь болон хөлөг онгоцны цуваа Темза мөрнөөр аялах юм. Хоёрдугаар Елизавета вант улсын тэнгисийн цэргийн хүчний лорд-адмиралын хувиар цувааг тэргүүлж, эрэгт цугласан олонтой мэндчилэхээр зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )