Сильвио Берлускони уншигчдад мартагдахыг хүссэнгүй. Италийн экс-ерөнхий сайд, медиамагнат энэ эрхэм өнгөрөгч ням гаригт сүйт бүсгүйтэй болсноо теле ярилцлагын үеэр мэдэгдсэн байна. Хосууд 48 насны зөрүүтэй аж.
“Энэ бол миний албан ёсны мэдэгдэл. Түүнийг Франческа гэдэг, Неаполоос гаралтай. Тэр гадаад үзэмж сайхан төдийгүй, дотоод сэтгэл нь үнэхээр гайхамшигтай бүсгүй. Тэр надад маш сайн ханддаг” хэмээн Берлускони өгүүлжээ. Тэрээр гурван хүүхдийнхээ ээжээс салах ажиллагаа нь гурав дахь жилээ өрнөж байгаа аж.
Экс-ерөнхий сайд Франческо бүсгүйтэй долоон жилийн өмнөөс танил бөгөөд уг эмэгтэй улстөрчийн шүтэн бишрэгчдийн фен-клубыг толгойлдог байжээ. Тэрээр сайн дурынхны цуглуулсан мөнгөөр онгоц захиалан авч, “Сильвио, чи бидэнд дутагдаж байна” гэсэн плакат намируулан тус орны эргийн нутгуудаар нислэг хийж байсан аж. Хожим нь Франческогийн санаачлагаар бичиг нь “Сильвио, чи надад дутагдаж байна” хэмээн өөрчлөгджээ.
“Тэр миний улстөрийн штабт надтай хамт ажиллаж эхэлсэн. Манай гэр бүлийн Fininvest холдингийг удирддаг миний анхны эхнэрийн том охин Маринатай маш сайн найзууд. Намайг мөрдөн байцаалт, шүүхээр их “ажилтай” байхад Марина бусдаас илүү санаа зовж байсан. Тэр надад яг ээж шиг минь байдаг” хэмээн Берлускони нэмэн өгүүлсэн байна.
Дашрамд дурдахад, экс-ерөнхий сайдыг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж буй Миланы шүүхээс “хэргийн гол эзэн” Руби хочит марокко бүсгүй Карим эль-Маруг гэрчээр дуудсан боловч сураггүй алга болсон бөгөөд энэ даваа гаригт өөрийн сайн дураараа ирэх сүүлийн хугацаа нь аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )