Скарлетт Йоханссоны хувийн шууданг эвдсэн хакер 10 жилийн ял авав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

Даваа гаригт Лос-Анжелесийн шүүх Флоридагийн иргэн,36 настай Кристофер Чейниг алдартнуудын электрон шууданг эвдэн нэвтэрч, хувийн зургуудыг нь интернетэд тавьсан хэрэгт есөн зүйл ангиар буруутган, 10 жилийн ял оноосон байна.

Нэг жилийн турш Кристофер Чейни алдартай одуудын хувийн шууданг эвдэж онгичих ажил хийсэн аж. Тэрээр захидлуудыг нь уншиж, гэрээ хэлцэл, зураг, бичлэгүүдийг нь үзэн, сонирхолтой материалуудыг нь янз бүрийн сайтад тавьж байжээ. Мила Кунис, Кристина Агилера, Скарлетт Йоханссон нар энэхүү хакерийн золиос болсон байна.

Ялангуяа нөхөр Райан Рейнольдстоо илгээж байсан Йоханссоны нүцгэн зургийг интернетэд тавин бөөн шуугиан дэгдээсэн аж.

Холбооны мөрдөх товчоо өргөн хүрээний мөрдлөг шалгалт явуулан, 2011 оны аравдугаар сард Чейниг баривчилсан байна. Тэрээр шоу-бизнесийн 50 гаруй алдартнуудын хувийн шууданг үзсэнээ хүлээн, одуудын захидлыг унших нь түүний хувьд бараг “донтолт” өвчний шинжтэй болсон гэжээ. Мөн мөрдөн шалгах явцад хоёр эмэгтэйг интернетээр мөшгөдөг байсан нь тогтоогджээ. Тэдний нэгийг бүр 13 настайгаас нь буюу 1999 оноос хойш тасралтгүй мөшгисөн аж.

Скарлетт өөрийн биеэр шүүх хуралд оролцоогүй ба харин олон нийтийн сүлжээнд нүцгэн зураг нь тавигдан, маш их сэтгэлээр унаж, доромжлогдсон болохоо нулимс цийлэгнүүлэн ярьж, гэмт этгээдийг хатуухан шийтгэхийг хүссэн видео бичлэгээ илгээсэн байна. Ингээд шүүх түүний хүсэлтийг ёсоор болгон хэрэгтэнд 10 жилийн ял, мөн 66179$ нөхөн төлбөр оногдуулсан аж.

Д.Мигаа    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top