Өмнөд Солонгос улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болж магадгүй нь

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

Орон нутгийн цагаар өглөөний зургаан цагт Өмнөд Солонгос улсад арваннайм дахь ерөнхийлөгчөө сонгох бүх нийтийн санал хураалт эхэлж байна. Үндсэн хуульд зааснаар таван жилд нэг удаа ерөнхийлөгчийн сонгууль явагддаг аж.

Саналын хуудас дээр хэдийгээр зургаан нэр дэвшигчийн нэрс байгаа ч жинхэнэ өрсөлдөөн эрх баригч Сэнури намын, 60 настай Пак Кын Хе, “Нэгдмэл ардчилсан намын” 59 настай Мун Чжэ Ин нарын хооронд болохоор байна.

Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь төрийн тэргүүний өндөр сэнтийд анх удаа эмэгтэй хүн өрсөлдөж байгаа явдал юм байна. Өөр нэг онцлог шинж нь насны ангилал, үе хоорондын мөргөлдөөн аж. Санал хураалтын үр дүнг тодорхойлох чухал хүчин зүйл нь Мун Чжэ Ины либерал үзлийг дэмжигч залуу үеийнхэн, Пак Кын Хенг дэмжигч харьцангуй буурь суурьтай консерватив үеийнхий хооронд явагдах тэмцэл болох юм.

Олон удаагийн урьдчилсан санал асуулгын дүнгээс харахад Пак Кын Хе өрсөлдөгчөөсөө гурван хувиар илүү байгаа боловч санал хураалтын үр дүнд тодорхойгүй баримжаатай сонгогчдын санал ихээр нөлөөлөх магадлалтай юм. Тэгээд ч тогтсон баримжаатай 50 гаруй насныхнаас тодорхойгүйд тооцогдох 20-30 насныхан хагас саяар илүү аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top