Кристина Орбакайте жүжигчин Наталья Кустинскаягийн оршуулгыг “даажээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

Зөвлөлтийн кино урлагийн нэртэй жүжигчин Наталья Кустинская 75 насандаа Москвагийн Боткины эмнэлэгт энэ сарын 13-ны өдөр таалал төгссөн билээ.

Даваа гаригт түүний оршуулга болсон ба зохион байгуулалт, зардлыг кино жүжигчдийн холбоо хариуцсан аж. Наталья Кустинскаягийн цор ганц хүү нь 2002 онд зуурдаар нас нөгчсөн ба жүжигчинд хамаатан садан гэхээр хүнгүй, сүүлийн жилүүдэд нийгмийн ажилтан түүнд санаа тавьж байжээ.

“Тэр өөрийгөө хайрт хүү Дима Егоровынхоо дэргэд оршуулахыг хүссэн” хэмээн кино жүжигчдийн Гильдийн захирал Валерия Гущина өгүүлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээллээр, оршуулгыг зохион байгуулахад шаардагдах зардлыг уг байгууллага дангаараа гаргаж чадаагүй учраас тал хувийг нь жүжигчний хүүтэй хамт “Мануухай” кинонд тоглож байсан, дуучин Кристина Орбакайте даасан байна.

“Олны хайртай жүжигчин, сайхан эмэгтэй Наталья Кустинская таалал төгслөө. Би хүүхэд байхдаа Димаг даган гэрт нь очихдоо түүнийг хараад үнэхээр их бахархдаг байж билээ. Гэвч амьдралын хувь заяа тэдний гэр бүлд хэт хайр найргүй, ширүүн хандсан. Надад маш их харамсалтай байна” хэмээн Орбакайте өөрийн Твиттер хуудсандаа бичсэн аж.

Кустинскаяг зөвлөлтийн Брижит Бардо хэмээн нэрлэдэг байжээ. Тэрээр “Мөнхийн дуудлага”, “Зовлон туулсан нь” цувралаас гадна хорь гаруй кинонд тоглосон байна. 2008 онд түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Наталья Кустинская: Хайрын төлөөс” хэмээх баримтат кино бүтээгдсэн аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top