Палестины эзлэгдсэн газар нутгуудад явуулж байгаа “суурьшилтын ажиллагаагаа” зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Европын гишүүн орнууд Израилаас шаарджээ. Тэдний хамтарсан мэдэгдэлд Израилийн энэхүү үйлдлийг тусгаар тогтносон хоёр орны асуудлыг энхийн гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэхэд харшилсан хууль бус явдал хэмээн цохон тэмдэглэсэн байна.
“Бүхий л суурьшилтын үйл ажиллагаа, ялангуяа Зүүн Иерусалимд явагдаж байгаа үйлдлээ нэн даруй таслан зогсоох шаардлагатай” хэмээн баримт бичигт онцгойлон шаарджээ. Иордан голын Баруун эргийн хойд, өмнө зүгийг холбосон стратегийн чухал бүсэд Израиль улс бүтээн байгуулалтаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгаа нь их анхаарал татаж байгаа аж. Энэхүү “Е1 бүсэд” еврейчүүд оршин сууснаар Зүүн Иерусалимыг Палестины бусад газар нутгаас таслан, нутгийн иргэдийг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх асуудал тулгарч болзошгүй юм.
Энд явагдах Израилийн бүтээн байгуулалтын тухай арваннэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан ба энэ долоо хоногт Зүүн Иерусалимын Рамат Шломд 1500, Гиват Хаматост 2610 шинэ орон сууцны барилга барих шийдвэрийг Израилийн эрх баригчид зарлажээ. Мөн лхагва гаригт шинээр нэмж 1000 айлын орон сууцыг еврейчүүдэд зориулан Палестины газар нутагт оршдог Гиват-Зеев, Хар-хомд барина гэсэн мэдээлэл гарсан аж.
Израилийн эдгээр алхам нь Палестины үндэсний захиргаа арваннэгдүгээр сарын 29-нд НҮБ-д ажиглагч-орны статустай болсны хариу үйлдэл бололтой. Палестины үндэсний захиргаа Гаага дахь Олон улсын шүүхэд Израильд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлүүлэх талаар хандах тохиолдолд тухайн нутгуудад еврей иргэд олноор суурьшсан байвал шийдвэрлэхэд хүндрэл учрах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )