11 настай охины хавдрыг жирэмслэлт хэмээн эндүүрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

Сургуулийн захиргаанаас 11 настай охиныг нь жирэмсэн хэмээн ангийнхан нь шоолоод байна хэмээн мэдэгдээгүй бол ээж нь охиныхоо хавдрын талаар анзаарахгүй удах байсан аж.

Энэхүү таагүй явдлаас улбаалан хүүхдийг цагаас эрт биеийг нь даалгах хэрэггүй юм гэсэн дүгнэлт гарсан байна: Учир нь Флоридагийн оршин суугч энэ эмэгтэй бяцхан охиноо Жексонвилл хот руу дотуур байртай сургуульд явуулдаг байсан аж. Охин нэлээн удаан хугацаанд ээжтэйгээ зөвхөн утсаар л холбоо барьдаг байжээ. Энэ үедээ бие таагүй байна гэж огт дурсаагүй байна.

Харин сүүлийн хэдэн сард 9 кг жин нэмсэн аж. Түүний гэдэс хийлүүлсэн мэт томроод ирсэнд ангийнхан нь жирэмсэн хэмээн шоолж эхэлжээ. Охин энэ талаар ээждээ ярихаас, эмчид очиж үзүүлэхээс айгаад байсан тул сургуулийн захиргаанаас ээжид нь утасдаж хэлсэн аж.

11 настай охины ээж жирэмсэн гэж эхэлж сонсоод үнэхээр шооконд орсон байна. Ингээд охинтойгоо уулзан жирэмсний тестээр шалгатал сөрөг гарсан аж. Үүний дараа л ээж нь эмчид ханджээ.

Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтнүүд охиныг нь 9 кг хүнд хавдартай болохыг тогтоосон байна. Охины ходоодноос хоёр литр шингэн соруулж аваад, дараа нь нэлээн хүнд хагалгаа хийсэн аж.

Одоогоор охины бие гайгүй ба ээж нь түүнийг ахин эзэнгүй орхихгүй хэмээн шийдсэн байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top