Баян байх нь буруу биш, Гэхдээ..

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

Өнөөдрийн Монголд хүн амын хоёрхон хувь нь үндэсний баялагтаа эзэн сууж, бусад 98 хувьд нь баялагтаа хүрэх боломж олдохгүй байгаа талаар ярьж байна. Нийт хүн амынх нь 2/3 нь ядуус гэсэн тодотгол дор зүдэрч амьдарч байхад хоёрхон хувь нь дийлдэшгүй чинээлэг түвшинд амьдарч байгаа нь үнэхээр асуудал мөн юм. Ер нь гадны жишгийг авч үзэхэд үндэсний баялгийг цөөнх гартаа авах эрмэлзэл угаас байдаг л даа. Жишээ нь, америкийн хүн амын “нэгхэн” хувь нь үндэсний баялагтаа эзэн сууж, бусад 99 хувь нь баялгийн тэгш бус хуваарилалтын золиос болж буйг эсэргүүцэх явдал дэлхий дахинд шуугиан дэгдээх болсон ч, гадуурхагдаад байгаа тэдгээр иргэдийн амьжиргааг манай ядуусынхтай харьцуулах аргагүй. Зуухан дээр гурил түлж иддэг монголчуудаас хол дээр ядуус гэсэн үг л дээ. Харин тэдний  ардчиллын үнэ цэн, хүний эрх, эрх чөлөөний тухай язгуур  ойлголт нь манайхтай харьцууламгүй. Тэр хэрээрээ ч өөрсдийгөө хаана байх ёстойг ухамсарладаг. Тиймээс тэд үзэл бодлоо таван төгрөгөөр худалддаггүй. Тэмцэхдээ хүрвэл зөвийг сонгодог. Харин манайд тэмцлийн дуу хоолой богино настай. Худалдагдахдаа амархан. Бугшсан асуудал зөндөө хэвээрээ байдаг.. Гэхчлэн авч үзвэл бидэнд асуудал зөндөө бий. Харин одоо америкийн үндэсний баялагт эзэн сууж байгаа хүн амын “нэгхэн” хувь ба америкийн дундаж иргэний харьцуулалтын талаар Алан Данн хэрхэн өгүүлсэнийг  тодруулан хүргэж байна. Түүний үзэж буйгаар ямар ч байсан  “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн Америкчуудыг баялгийн хуваарилалтын  тухай ярьдаг болгосон. Өмнө нь ихэнх хүмүүс баялгийн хуваарилалт, баячуудын давхрагын тухай ерөнхий л ойлголттой. Ангиудын орлогын ялгааны талаар тодорхой мэдлэггүй байсан байна. Одоо бол хүмүүсийн олонхи нь хүн амын “Нэг хувь” гэгч баян давхрагын тухай тодорхой төсөөлөлтэй болсон. Гэхдээ нийгэмд  байгаа тэгш бус орлогын хуваарилалтын тухай  хангалттай ойлголтгүй хэвээр байна. Тэгэхээр баялгийн тэгш бус хуваарилалт гэдэг нь шив шинэ, тэгээд зөвхөн АНУ-д байгаа асуудал биш. Хүний иргэншлийн эхний өдрүүдээс л ийм байдал бий болсон. Түүхийн туршид цөөн язгууртнууд ямагт илүү эрх мэдэлтэй байж ирсэн. Харин орчин үед баян, ядуугийн ялгаагаар нь авч үзвэл АНУ хөгжингүй орнууд дотроо “тэргүүлж” явна.

             Давхрагуудын ялгаа нь орлогодоо биш  хуримтлалдаа байна

“Нэг хувь” гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Орлогоороо тэргүүлж байгаа хүн амын 1 хувийн жилийн орлого нь  717,000 ам.доллар. Харин бусад хүн амын жилийн орлого дунджаар 51,000 ам.доллар л байна.  Гэхдээ жинхэнэ давхрагуудын ялгаа нь орлогодоо биш баялгийн хуримтлалдаа байна. 1 хувьд багтаж байгаа иргэний баялаг нь 8.4 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа. Энэ нь дундаж түвшний иргэний баялгаас 70 дахин их хэмжээ юм.

Тэгвэл 1 хувийг голчлон компанийн захирлууд, эмч, хуульч, улс төрчид бүрдүүлж байна. Эдний дотор бас 1 хувь болох, нийт хүн амын 0.1 хувь  гэх бүр их баян цөөнх бий.  Эдгээр хүмүүсийн жилийн орлого нь 27 сая доллар буюу дундаж иргэний орлогоос 540 дахин өндөр юм. Хүн амын дээд давхрага болох 1 хувь нь нийгмийн баялгийн 43 хувийг эзэмшдэг бол, дараагийн давхрагыг бүрдүүлж буй 4 хувь нь нийгмийн баялгийн 29 хувийг эзэмшдэг аж.

Түүхийн туршид цөөнх нь санхүүгийн дийлэнхийг хянадаг тогтолцоотой байсан ч Америкчуудын хувьд нийгмийн ийм гүнзгий ялгаа 1929 оны Их Хямралын өмнөх үед л байсан. Одоо энэ ялгаа улам л нэмэгдсээр байна.

                    Бүтээмж өссөн ч бодит орлого нь бараг нэмэгдсэнгүй

Америкчууд амжилтанд хүрэх тэгш боломжид итгэдэг. Ихэнх хүмүүс үнэхээр сайн хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ гэж боддог. Гэтэл 1979 оноос хойш Америкчуудын хөдөлмөрийн бүтээмж 80 хувиар өссөн боловч бодит орлого нь бараг нэмэгдсэнгүй.

Америкийн аль ч компанийн жирийн ажилтнуудын орлого менежер, захирлуудынхаасаа хавьгүй бага байдаг. Компанийн захирлын орлогыг тооцохдоо цалинг нь оруулахгүй зөвхөн бонусыг нь тооцоход  ажилтнаасаа 62 дахин илүү орлого олдог байна. Энэ нь компанийн захирлын бонусаар 62 ажилтнаа цалинжуулж болно гэсэн үг. Өдгөө бонус урамшуулал нь санхүүгийн хямралын өмнөх үеэс 30 хувиар өссөн байна.

Орлого багатай айлын хүүхэд Харвардад сурч болно, гэхдээ..

Орлогын хэмжээ харилцан адилгүй хүмүүс мөнгөө зарцуулахдаа мэдээж ялгаатай байдаг.  Хүнс, эрүүл мэнд зэрэг зарим зардлууд өөр өөр орлогын түвшний хүмүүсийн хувьд нэг их ялгагдахгүй ч,  чухал гэх зардлууд нь чинээлэг болохын хирээр өөрчлөгддөг байна.

Жишээ нь, Америкчууд орлогынхоо 1/3-ийг байр байшиндаа зарцуулдаг. Зардлын хоёр дахь том зүйл анги нь тээвэр. Баячуудын орлогын  17 хувь бизнесийн болон амралтын замын зардалд явдаг байна. Бага орлоготой иргэд орлогынхоо 17 хувийг хүнсэндээ зарцуулдаг бол баячууд хүүхдүүдийнхээ боловсролд, хувийн сургуулиудад орлогынхоо багагүй хувийг зарцуулдаг байна. Баян 1 хувийн дийлэнх нь хувийн дээд сургууль төгссөн байх ба хүүхдүүддээ ч мөн дээд боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэх нь тодорхой юм.  Баян 1 хувь нь хүүхдүүдийнхээ дээд сургуулийн зардлыг нь төлөх чадвартай байхад орлого багатай дундаж иргэдийн хүүхдүүд онцсайн сурч санхүүгийн тэтгэлэг, зээл тусламжинд найдахгүй бол болохгүй.  Хэдийгээр орлого багатай айлын хүүхэд Харвардад сурч болох ч баян айлын хүүхэдтэй харьцуулахад түүнд энэ сургуульд орох боломж нь орлого, холбоо сүлбээнийх нь хувьд ч хавьгүй хэцүү гэдэг нь ойлгомжтой.

                           Баячуудын мөнгөний урсгал  ядуус руу урсдаггүй.. 

“Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнийхний  эсрэг гол шүүмж нь баян 1 хувь нь хязгааргүй баялгийг өөрсдөө бүтээж байгаа. Тэд бусад давхрагын орлогоос тасалж аваад байгаа юм биш гэж тайлбарладаг. Гэвч бодит амьдрал дээр тийм биш байна.  Нийгэмд шинээр баялаг бүтээгддэг хэдий ч, баян давхрага руу чиглэсэн мөнгөний урсгал ихэнхдээ нийгмийн бусад давхрагаас гаралтай. Баян давхрагаас ядуу давхрага руу чиглэсэн мөнгөний урсгал бараг байдаггүй билээ.

2007-2009 онд Уолл Стритийн ашиг 720 хувь өссөн байхад ажилгүйдэл 2 дахин өсч орон сууцны үнэлгээ 35 хувиар буурсан байна.  1979 оноос хойш хүн амын бага орлоготой 90 хувийн бодит орлого тогтмол буурсан байхад баян давхрагын бодит орлого өсч ирсэн байна. Хэрвээ дундаж иргэний орлого эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн өсч байсан бол түүний жилийн дундаж орлого 92 мянган доллар байх ёстой байлаа.

Бодит амьдрал дээр баян давхрага доод давхрагуудаас мөнгийг нь авч байдаг нь үнэн юм. Консерватив үзэлтнүүдийн яриад байдаг “Баялгийн дээрээсээ доошоо урсгал” гэдэг нь амьдрал дээр батлагддаггүй. Ихэнх баячууд эдийн засгийг хөхиүлэн дэмжих хэмжээнд мөнгөө зарцуулдаггүй. Тэд мөнгө хадгалдаг. Эсвэл хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь бусад давхрагуудыг баяжуулдаггүй.

Орлого багатай хүнд гэнэтийн орлого орж ирвэл тэр бараг бүгдийг нь зарцуулж таардаг.  Дунд болон доод давхрагын ажилтнуудад цалин, үйлчилгээний төлбөр хэлбэрээр очих зардлуудад тэд голчлон мөнгөө зарцуулдаг. Дээд давхрагынхан хэдийгээр ажлын байр бий болгодог байж болох ч, тэд  мөнгөө зүгээр хадгалсан ч болдог.

Баян давхрага нь хүн амын дийлэнхийг тэжээх үүрэггүй тул Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх үүднээс татварын хөнгөлөлт гэх мэт хөшүүргүүд хэрэглэдэг.

                                     Америкийн зардлыг үнэндээ хэн даадаг вэ?

Баячууд бусдыг бодвол өндөр татвар төлдөг аж. Хүн амын орлогын дээд 1 хувь нь орлогынхоо 35 хувийг татварт төлдөг байна. Гэхдээ энэ 1 хувь дотор хамгийн бага татвар төлдөг хүмүүс ч бий.

Хүн амын 99 хувь болон 1 хувийн хооронд их ялгаа байгаа ч 1 хувь дотроо орлогын бүр ч их ялгаа байгаа юм.  1 хувийн доод хэсэгт нь жилдээ 300 мянга орчим долларын орлого олдог эмч, хуульч гэх мэт мэргэжилтнүүд байна. Харин 1 хувийн дээд хэсэгт нь жилдээ 5.2-7.5 сая долларын орлого олдог хүмүүс байдаг бол цөөнхөд нь жилдээ 1 тэрбумд дөхөх орлого олдог ч хүмүүс байх юм. Энэхүү хүн амын 1/1000 нь дунджаар орлогынхоо 23 хувийг татварт төлдөг байна. Тэгвэл хамгийн өндөр орлоготой 400 иргэн дунджаар 18 хувийн л татвар төлсөн байна.

Баян давхрага нь өндөр хувийн татвар  төлж байгаа юм шиг боловч доод давхрагын иргэдээс бүрдүүлж байгаа 15 хувийн татвар нь Төрийн нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлдэг аж.

                                               Баян байх нь  буруу зүйл биш ч..

АНУ-ын Конгрессийн 57 гишүүн  санхүүгийн элит давхрагын төлөөлөгчид гэдэг нь нууц биш юм. Конгрессийн 250 гишүүн нь саятан бөгөөд гишүүний баялгийн дунд үзүүлэлт нь 891 мянган доллар буюу энгийн иргэнийхээс 9 дахин өндөр юм.

Иймд улс төрчдөөс дээд давхрагын баялгийг бууруулах хууль тогтоохыг хүсэх нь тэдгээрийн сонирхолтой зөрчилдөж байгаа хэрэг. Тэгээд ч өндөр орлоготой давхрагын татварыг бууруулсан хууль байнга гардаг. Үүнд ч гайхах зүйлгүй. Тэрчлэн эсрэг хууль бараг гардаггүй. Өндөр орлоготой хүмүүс мэдээж олсон орлогоо хадгалж үлдэхийг бодож байгаа. Тэдгээр хүмүүсийн тоонд мэдээж эрх баригчид өөрсдөө ордог.

Улс төрчид баячуудаар дэмжүүлдэг гэдгийг бид мартах ёсгүй. Сонгогдохын тулд тэдэнд мөнгө хэрэгтэй. Тэрийг нь том корпорациуд гаргадаг. Улстѳрчид болон Корпорациудын хоорондох холбоог үгүйсгэх аргагүй. Тэрхүү холбоо нь улстөрчийн үзлээс нь хамааралгүйгээр байнга байж байдаг. Зүүний эсвэл Барууны үзэлтэн, нэр хүндтэй эсвэл шинэ улстөрч хэн ч бай том корпорацийн баян эзэдтэй л холбоотой байдаг.

АНУ татварын прогрессив тогтолцоотой ч татварын дийлэнх хэсгийг дундаж давхрага бүрдүүлж байхад, мөн засаг баячуудтай байнгын холбоотой байхад нийгмийн тэгш бус байдал өргөжин тэлж байгаад гайхах зүйл байна уу?

Ямартай ч, орлогын тэгш бус хуваарилалтыг ойлгох тусам иргэд идэвхжиж байна. Хэдийгээр баян байх нь  буруу зүйл биш ч, баялаг нийгмийн олонхид хүртээмжгүй, нэг л тал руу төвлөрөөд байдаг нь эрүүл бус эдийн засгийн шинж юм.

Хажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top