Аргентинд эмх замбараагүй байдал үүсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

Аргентины амралт сувиллын алдартай хот Сан-Карлос-де-Барилочед олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэний улмаас Засгийн газраас холбооны цагдаагийн хүчний тусгай анги нэгтгэлийг илгээхэд хүрсэн байна.

Мөдхөн болох Зул сар, Шинэ жилийн баярын өмнө нийгмийн халамжийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг эрх баригчдаас шаардсан эсэргүүцлийн жагсаал сүүлдээ нийтийг хамарсан замбараагүйтэлд хүрч, Рио-Негро мужийн цагдаагийн хүч хүрэлцэхгүй болсон аж.

Уг байдал хяналтаас гарч, босогчид дэлгүүр хоршоог дээрэмдэн, том оврын хөргөгч, зурагт хүртэл зөөж эхэлжээ. Энэхүү үйл явдал нь 2001 оны арванхоёрдугаар сарын 20-нд огцорсон ерөнхийлөгч асан Фернандо де ла Руагийн 11 жилийн ойг тохиолдуулан Аргентин даяар өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаалтай санамсаргүй давхацсан хэрэг ч биш бололтой.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, анархист маягийн улс төрийн байгууллагын гишүүд дэлгүүрүүдийг дээрэмдсэн ба үүгээрээ эрх баригчдыг шантаажлаж байна гэжээ.

Сан-Карлос-де-Барилоче хотыг ихэвчлэн Барилоче хэмээн нэрлэдэг ба Андын нурууны дэргэд оршдог олон улсын уулын цанын спорт, аялал жуулчлалын төв юм. Одоогоор дэлхийн тал бөмбөрцгийн өмнө хэсэгт зун болж байгаа учраас аяллын сезон хараахан биш байгаа аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top