Их хэмжээний цас орсны улмаас америкийн нэлээн хэдэн мужийн амьдралын хэмнэл алдагджээ. Олон зуун мянган хүмүүс гэрэл цахилгаангүй болж, зам харгуй явах нөхцөлгүй болсон байна.
Яг адил нөхцөл байдал Европын өмнө зүгт үүссэн ба харин Их Британи үерт автаад байгаа аж.
АНУ-ын Айво, Небраска, Висконсин мужуудад тээврийн хэрэгслийн хүндрэл үүсэн, ялангуяа Милуокид олон улсын нисэх буудал дээр зорчигчид хоёр дахь өдрөө нислэгээ хүлээж байна. Нийт 120 нислэг хойшлогдоод байгаа аж. “Энэ бол анхны их цас оролт. Манай ажилчид үүнд эртнээс бэлтгэлтэй байсан ба одоо онгоцны нислэгийн зурвасыг цэвэрлэхийн тулд боломжтой бүх зүйлсийг хийж байна” хэмээн нисэх буудлын төлөөлөгч Райан Мак Адамс сэтгүүлчдэд мэдэгджээ.
Энэ үеэр Алабама мужийн эрх баригчид хүчтэй шуурганаар учирсан хохирлоо тооцоолж байна. Хар салхи хэдэн арван байшинг сүйтгэн, нүдээр үзэгсдийн өгүүлснээр, автомашиныг хөмрөн эргүүлж, моддыг үндсээр нь булгалсан тийм их хүчтэй байсан ажээ.
Их Британид аврагчид эргийн дагуу үерийн далан байгуулах шуурхай нөхцөлд ажиллаж байна. Нэгдсэн вант улсын өмнө хэсэгт олон хоног аадар бороо орсны улмаас гол мөрний усны түвшин ихээр дээшилжээ. Эргийн дагуу оршин суугчид орон гэрээ орхин явахад бэлэн байгаа аж.
Өмнөд Европын оршин суугчдыг цасан шуурга нөмөрч байна. Румынд гэхэд, хэдэн зуун өрх айл гэрэл цахилгаангүй болж, цасан хунгар овоорон, газраар явдаг тээврийн хэрэгсэл бараг нам зогссон байна. Үүнтэй ижил дүр зураг Туркт болж байгаа аж.
Болгарын эрх баригчид 12 районд түгшүүрийн “улбар шар” түвшинг зарлаад байна. Хэт хүйтэрч байгаагийн улмаас хэдэн арван хүн осгож хөлдөн эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.
Ирэх долоо хоногоос харьцангуй дулаарна хэмээн цаг уурчид мэдээлж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )