Сиднейгээс Токио руу нислэг үйлдэж байсан Qantas компанийн онгоц нэгэн согтуу зорчигчийн балмад авираас шалтгаалан нислэгээ тасалдуулахад хүрчээ.
Баруун Австралийн оршин суугч, 34 настай Жастин Кук duty-free дэлгүүрээс авсан архиа шилээр нь ууж явсаар онгоц агаарт хөөрснөөс хагас цагийн дараа гэхэд шал согтсон аж. Ингээд тэрээр тамхи татахаар онгоцны бие засах газар руу явжээ.
Түүнд зохих шаардлага тавьсан үйлчлэгчийг хэл амаар доромжлон танхайрч, бүр нударга зөрүүлэхдээ хүрсэн байна. Түүнийг арай гэж суудалд нь суулган даруулгыг нь бэхэлтэл тэрээр онгоцны үйлчлэгчийн нүүр рүү нулимсан аж.
Согтуу танхайрагч нислэгийн аюулгүй байдалд элдвээр заналхийлээд байсан тул онгоцны дарга яаралтай газардахаар шийджээ. Энэхүү төлөвлөгөөт бус буултыг гүйцэтгэхийн тулд онгоц 60 мянган литр түлш зарцуулан, нисэхийн компани 120 мянган долларын алдагдал хүлээсэн байна.
350 зорчигчтой уг онгоц Австралийн Квинсленд мужийн Кэрнс олон улсын нисэх буудалд газардан, Кукийг баривчлуулан, цааш нислэгээ үргэлжлүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )