Обама АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар Жон Керриг томиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 22

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын төрийн нарийн бичгийн шинэ даргаар Жон Керриг томилжээ. Одоо түүнийг Конгрессийн хуралдаанаар баталгаажуулах ёстой юм.  Вьетнамын ахмад дайчин, 69 настай Жон Керригийн энэ томилгооны талаар эрх баригч Ардчилсан нам, сөрөг хүчний Бүгд найрамдах намынхан хоорондоо санал зөрүүтэй байгаагаа мэдэгдэж байсан аж.

АНУ-ын гадаад бодлогын удирдагч Хиллари Клинтон ирэх сард төрийн албаа орхих бодолтой байна. Тэрээр хэд хэдэн удаа энэ талаар саналаа хэлж байжээ.

Жон Форбс Керри 1943 оны арванхоёрдугаар сарын 11-нд Колорадо мужийн Денвер хотод дипломат Ричард Керри, Розмари Керри нарын гэр бүлд төржээ. Удалгүй тэд өөрсдийн төрөлх Массачусетс мужид нүүж ирсэн байна.

1966 онд Жон Керри Йелийн их сургуулийг политологи мэргэжлээр төгсчээ. Үүний дараа АНУ-ын армид орон, Вьетнамд алба хаахаар илгээгдсэн байна. 1966-1969 онуудад тэнд алба хаан, Меконг голын хөндийд десантын катер удирддаг байжээ. Байлдааны ажиллагаануудад амжилттай оролцож байсны төлөө олон медаль, шагнал хүртэж байсан аж.

Вьетнамаас буцаж ирснээс хойш дайны эсрэг идэвхтэй тэмцэгч болж, энэ чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг болжээ.

Жон Керри 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд бага Буштай өрсөлдөж байсан ба Массачусетс мужийн сенатын гишүүн юм. Тэрээр католик шашинтан бөгөөд соус үйлдвэрлэлийн алдартай компанийн эзэн, сенатор асан Хенри Жон Хайнцийн бэлбэсэн эхнэр Тереза Хайнцтай гэрлэсэн аж. Тэрээр өмнөх гэрлэлтээсээ хоёр охинтой, түүний эхнэр Тереза Хайнц гурван хүүтэй юм байна.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top