Пан Ги Мун оросын нисдэг тэргийг сөнөөсөн гэм буруутнуудад хатуу шийтгэл оноохыг шаарджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 22

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун оросын Ми-8 нисдэг тэрэг сөнөсөнтэй холбоотой асуудлыг шүүн үзэж, цаашид иймэрхүү балмад үйлдэл гаргуулахгүйн тулд буруутан этгээдүүдэд хатуу хариуцлага оногдуулахыг шаарджээ.

Пан Ги Мун амь үрэгдсэн нисдэг тэрэгний багийн гишүүдийн ар гэр болон ОХУ-ын эрх баригчдад гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Баасан гаригт Өмнөд Суданы цэргийн хүчнийхэн НҮБ-ын энхийг сахиулах аянд оролцож буй оросын нисдэг тэргийг эсрэг талынх хэмээн андуурч устгасан хэрэг гарсан билээ.

Армийн төлөөлөгч Филип Агерийн мэдэгдснээр, НҮБ-ын зүгээс энэ нислэгийн талаар мэдээлээгүй учраас хүнд их бууныхан гал нээсэн гэжээ. Сөнөөгдсөн нисдэг тэрэгний талаарх мэдээллийг Өмнөд Судан дахь Оросын элчин сайдын яам баталсан байна.

Уг Ми-8 нисдэг тэрэг “Нижневартовскавиа” компанид харьяалагддаг байсан ба НҮБ-тай байгуулсан гэрээний дагуу тэнд ажиллаж байжээ. Оросын нисэхийн багийнхан 2006 оны дөрөвдүгээр сараас хойш Суданд ажиллаж байгаа ба нисэх, инженер-техник, арын албаны мэргэжилтнүүд нийлээд 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй аж. Саяын устгагдсан Ми-8-ын нисэх багт оросын дөрвөн мэргэжилтэн амь үрэгдсэн байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top