АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Зул сараа угтахаар гэр бүлийн хамт Хавай мужийг зорилоо. Уламжлал ёсоор төрийн тэргүүн жил бүр өөрийн төрж өссөн Хонолулуд Зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ удаа Обама нэлээн “хүнд байдалтай” төрөлх нутгаа зорьж байна.
Учир нь, төсвийн хямралын ирмэг дээр байгаа энэ үед улс орны олон чухал асуудлуудын нэг болох “fiscal break”-ын “уналтаас” сэргийлэх асуудал шийдэгдээгүй хэвээр үлджээ. Энэхүү нэр томьёон дор эртнээс мөрдөж буй хуулиудтай холбоотойгоор шинэ оноос эхлэн АНУ зайлшгүй автоматаар дайрч гарах эдийн засгийн чухал үйл явдлууд ойлгогдож байгаа аж. Энэ нь юуны түрүүнд, улс орны төсвийн зардлыг эрс бууруулах, ялангуяа цэргийн салбарт, мөн Жорж Бушийн бүгд найрамдах засаглалын үе хүртэл оршиж байсан өндөр хэмжээний татвар оноолтонд буцаж очих асуудлууд орж байна. АНУ-ын эдийн засаг одоогийн байдлаар аль ч талаас нь харсан, асар хүнд нөхцөлд байгаа аж. Иймээс бүрмөсөн дампуурч сүйрэхгүйн тулд Цагаан ордон, Конгресс хоёр хэл амаа ололцох зайлшгүй шаардлага тулгараад байна.
Вашингтоноос явахын өмнө тэрээр Конгрессийн гишүүдтэй уулзан, дундаж давхаргынхны татварын өсөлтөөс сэргийлэх, ажилгүй байгаа хоёр сая америкчуудын талаар авах “багц арга хэмжээг” боловсруулахыг даалгасан байна. Конгрессийн гишүүд Зул сарын баяраа тэмдэглэхээр өөрсдийн тойргууд руу тарж явж байгаа ба удалгүй буцаж ирэн холбогдох хуулийн төсөл боловсруулах ажилдаа орцгоох аж.
Энэ бүгдээс харахад, Ерөнхийлөгчийн баярын амралт тийм ч удаан үргэлжлэхгүй ба Обама сэтгүүлчидтэй дараагийн долоо хоног хүртэл салах ёс гүйцэтгэсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )