Ангарск хотын төрөх газраас хүүхэд хулгайлсан бүсгүй ямар зорилготой байсан тухайгаа мэдүүлжээ. Тэрээр уг гэмт хэргийг хоёр найз бүсгүйн хамт үйлдсэн аж.
Шинэ төрсөн охины ээж тэр бүсгүйг эмнэлгийн сувилагч хэмээн андуурчээ. Ганцхан цагаан халат өмссөнөөр уг төрөх эмнэлэг рүү чөлөөтэй нэвтрэн, хүний хүүхдийг авч явах боломж бүрдсэн байна. Тэрээр хүүхдийг авч гаран, нэгдүгээр давхрын цонхоор найз хүүхэндээ дамжуулсан аж. Эмч нар хүүхдийг алга болсноос хойш хоёр цагийн дараа мэджээ.
Хүүхэд хаашаа алга болсныг жинхэнэ сувилагч гайхан цагдаад мэдэгдсэн байна. Ингээд хүүхдийг бүхий л хүчээр хайж эхэлжээ. Охин арванхоёрдугаар сарын 6-нд төрсөн ба хэсэг хугацаанд эмчийн хяналтанд байн, эмчилгээ хийлгэж байсан аж.
Удалгүй хэдэн цагийн дараа уг хэрэгт холбоотой гурван бүсгүй баривчлагдсан байна. Нялх охин тэдний нэгнийх нь гэрт байжээ. Уг хэргийг зохион байгуулсан бүсгүй өөрийн хайртай залуугаа жирэмсэн хэмээн мэхэлж байсан ба төрөх хугацаа дөхөнгүүт хүүхдийг хулгайлсан байна. Тэрээр уг хүүхдийг өөрийн болгож найз залуугаа итгүүлэх зорилготой байжээ.
Энэ хэргээс сургамж аван эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хариуцлагыг дээшлүүлэх талаар яригдан, санаачлагч бүсгүйг батлан даалтад гарган, хамтрагчдыг нь сулласан аж. Хүүхдийг үзсэн эмч нар эрүүл мэндэд нь ямар нэгэн сөрөг нөлөө илрэхгүй байгааг тогтоосон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )