Японы парламентын доод танхим саяхны бүх нийтийн сонгуулиар ялалт байгуулсан Либерал-ардчилсан намын дарга Синдзо Абэг өнөөдөр ерөнхий сайдаар батламжлах аж.
Урьдчилан таамаглаж байгаагаар, нэр дэвшигч Абэг шинээр бүрдсэн доод танхимын гишүүдийн гуравны хоёр нь дэмжих магадлалтай байна. Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр ЛАНам нийт 480 суудлын 291-ийг авч, түүний гол холбоотон Комэйто нам 31 суудал авсан билээ. Өчигдөр уг хоёр нам эрх баригч эвсэл байгуулах талаар гэрээ хэлцэл хийжээ.
Лхагва гаригт шинэ ерөнхий сайд өөрийн кабинетийн бүрэлдэхүүнээ зарлах аж. Одоогийн байдлаар, Абэ Засгийн газрын үндсэн албан тушаалуудад нэр дэвшигчдийг тодорхойлоод байна. Гадаад харилцааны сайдад япон-америкийн хамтын ажиллагааг зохицуулагч Фумио Кисида дэвшиж байгаа нь Абэ сүүлийн жилүүдэд нэлээн хөндий хүйтэн болоод байгаа АНУ-тай харилцах талаар онцгой анхаарал тавьж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.
Шинэ сангийн сайдаар экс-ерөнхий сайд Таро Асо, эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд – Тосимицу Мотэги, эдийн засгийн сэргээн босголт хариуцсан сайд – Акира Амари нар болох аж. Сайдын нэг суудал хэлцэл ёсоор ЛАНамын хамтрагчид оногдох юм байна.
Ерөнхий сайд Есихико Нодагаар ахлуулсан өнөөгийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа аж.
Синдзо Абэ 2006-2007 онд Японы ерөнхий сайдын албыг хашиж байсан ба эрүүл мэндийн байдлын улмаас чөлөөлөгдөж байжээ. Энэ онд тэрээр ЛАНамын даргаар ахин сонгогдон, түүнийг ялалтанд хүргэж чадсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )