2012 оны хоёрдугаар сард баатарлаг эр зориг гарган, хоёр бяцхан охины амийг аварсан нохойны тухай мэдээ Филиппинийг шуугиулсан аж.
Кабанг хэмээх хоточ нохой өөрийн эзэд болох 11 настай Дина Бунггал, түүний гурван настай дүү охин Принцесс Диансинг нартай зугаалж явжээ. Охид асар хурдтай ирж яваа мотоциклийг анзааралгүй зам хөндлөн гарахаар ортол тэднийг аврахаар нохой нь мотоцикл руу үсэрчээ. Үүний эцэст бяцхан охид шарх шалбархай төдийхөн үлдэж, харин золгүй нохой мотоциклийг зогсоохоор урд дугуйнаас нь зуурч аван хоншоороо орооцолдуулан эргүүлж аймшгийн байдалд орсон байна.
Уг эмгэнэлт явдал охидын аавын нүдэн дээр болж өнгөрчээ. Тэрээр Кабанг руугаа аврахаар очтол бөөн цусанд хутгалдсан нохой зугатаад явчихсан гэнэ. Ингээд хоёр долоо хоногийн дараа хачин танихын аргагүй амьтан гэртээ буцаж иржээ. Түүний хоншоор, дээд шүд байх ёстой газар онгойсон хар нүх болсон байж.
Хөөрхий нохойд мал эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай байсан боловч хоногт 3,5 доллар олдог гэрийнхэн нь хий дэмий өрөвдөхөөс өөрөөр яаж ч чадахгүй байсан аж.
Гэвч Кабангийн баатарлаг явдлын тухай яриа зөвхөн Филиппин төдийгүй дэлхий даяар асар хуртай тархан, хүмүүс Бунггалынханд мөнгө, эм хэрэгсэл хандивлаж эхэлсэн байна.
Удалгүй нохойг Калифорнийн Дэвис хотын нэгэн эмнэлэгт аваачжээ. Энэхүү буянтай үйлсийг Нью-Йоркийн нэгэн сувилагч санаачлан, нохойд туслах кампанит ажил өрнүүлэн 20 мянган доллар босгож чаджээ.
Шинэ он гарангуут нохойг пластик хагалгаанд оруулж хоншоор, дээд шүдний хэсгийг нь нөхөж хийх ба хамгийн гайхалтай нь, Кабанг тэрхүү аймшигт осолд орж, зэрэмдэг болсноосоо хойш зургаан хөөрхөн гөлөг төрүүлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )