Мубаракийг цэргийн эмнэлэгт авчирлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Өчигдөр орой Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг хамгаалалтын таван машин дагалдуулан, Каирын цэргийн эмнэлэгт хүргэжээ.

Эмч нарын зөвлөгөөний илтгэлийг үндэслэн Египетийн ерөнхий прокурор Талаат Ибрагим Абдалла уг шийдвэрт гарын үсэг зурсан байна. Эмч нарын үзлэгийн явцад экс-ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдалд сөрөг өөрчлөлтүүд илрэн, уушигны гялтан гэмтсэн, ясны сийрэгжилт үүссэн зэрэг нь тогтоогдсон аж.

Египетийн экс-удирдагчийг эмнэлэгт хэвтүүлэх хүсэлтийг түүний өмгөөлөгч нар гаргасан байна. Энэ сарын 19-ний өдөр 84 настай Мубарак шүршүүрт орж байхдаа халтирч унан, толгойгоо гэмтээж, Маади дахь армийн эмнэлэгт хүргэгдэн шинжилгээ хийлгэсний дараа буцаан шоронд нь аваачсан аж.

Дашрамд дурдахад, 2011 оны эхээр болсон жагсагчдын үхэлд буруутган Хосни Мубаракт 2012 оны 6 сарын 2-ны өдөр  бүх насаар нь хорих ял оногдуулсан билээ.   

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top