Нью-Йоркийн шүүх Оросын хакерыг яллана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Нью-Йоркийн Өмнөд тойргийн холбоотны шүүх 2013 оны нэгдүгээр сарын 4-нд хувийн мэдээллийн хулгай, үнэт цаасны хууль бус ажиллагааг зохион байгуулсан хэмээн АНУ-ын эрх баригчдын зүгээс цахим луйварт буруутгагдаж байгаа оросын иргэн Владимир Здоровенинд ял оноох аж.

2012 оны нэгдүгээр сард 55 настай Здоровенин Швейцариас Нью-Йоркт шилжүүлэгдсэн байна.  АНУ-ын прокурорын мэдээллээр, Здоровенин хүү Кириллийн хамт 2004 оноос эхлэн захиалгын компаниудаар дамжуулан АНУ-ын иргэдийн төлбөрийн картны мэдээллийг авч байснаас гадна, тэд америкчуудын брокерийн дансыг эвдлэн, зах зээл дээрх үнэт цаасны арилжааг өөрсдийн сонирхолд нийцүүлэн залж байсан аж.

Яллах дүгнэлтэд бичснээр, тэд Москвагаас АНУ-ын хэд хэдэн компанид бүртгүүлэн, дансыг нь JPMorgan Chase, Asia Europe Americas Bank банкуудад нээсэн байна. Эдгээр компаниуд өөрсдийн интернет сайтад бараа бүтээгдэхүүнээ тавин, худалдан авагчид нь төлбөрөө онлайнаар, картаар хийдэг аж. Мөн Владимир Здоровенин Ameritrade хэмээх алдартай брокерын конторт данстай нэгэн компанийг хянан, түүгээр дамжуулж хөрөнгийн бирж дээр хувьцааны арилжаанд ордог байжээ.

Прокуророос баталснаар, эцэг, хүү Здоровенин америкчуудаас сая орчим доллар хулгайлан, тэдний банкны картнаас өөрсдийн данс руу шилжүүлдэг байсан аж. Мөн тэд картны мэдээллүүд хууль бусаар олж авсан хүнээс дамжуулан худалдаж авдаг, зарим тохиолдолд бусдын компьютерт нууцаар тагнуулын программ суулган ашигладаг байжээ.

Хүү Кирилл нь луйврын ажиллагааны техникийн хүчин зүйлүүдийг хариуцан, эцэг Владимир ерөнхийд нь удирдан, хулгайлсан мөнгөө угаах ажлыг хийдэг байсан аж.

Тэднийг Холбооны мөрдөх товчоо эртнээс сэжиглэж байсан ба нууц мэдээлэгчийн тусламжтайгаар баталгаажуулан баривчилсан байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top