Автобусны буудал дээр хаясан эзнээ 5 жил хүлээж буй нохой

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Нохойны эзэндээ үнэнч байдаг тухай олон арван жишээ дэлхий дээр байдгийн хамгийн алдартай нь японы Хачико билээ. Тэр ч бүү хэл, тэд өөрсдөд нь муу зүйл хийсэн эзэндээ хүртэл жигтэйхэн үнэнч байдаг аж.

Үүний тод жишээ нь Украины Черкасс хотын төвд автобусны буудал дээр амьдардаг Миша нохой юм. Таван жилийн өмнө эзэн нь түүнийг энэ буудал дээр хаяж явсан ба түүнээс хойш нохой явсан, буусан зорчигчдыг үнэрлэн, тэрхүү газраас алхам ч холдсонгүй. Тэрээр ямар ч нөхцөлд бууж өгөхгүй байгаа ба хэзээ нэгэн цагт өөрийн хүнээ олно гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.

Өрөвч сэтгэлтэй хүмүүсийн бэлэглэсэн үүрэнд амьдрахаас татгалзан, бороотойд ч, цастайд ч гудамжинд ил таван жилийг үдэж байгаа аж.

Өвлийн тэсгим хүйтэн өдөр алсыг гуниглангуй ширтэн зогсох түүнийг хараад зүрх нь шимширсэн хүмүүс хэвтшинд нь зориулан дулаан эд зүйлс авчирч өгдөг гэнэ.  Энэхүү өрөвдөлтэй амьтны хамгийн дотны нөхөд нь ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагч нар аж.

Мишаг нэг бус удаа гэртээ аваачих хүмүүс таарсан боловч тэрээр танихгүй хүнтэй хамт явахаас эрс татгалзаж байжээ. Черкассчууд энэхүү түүхийг сайнаар төгсөнө гэдэгт бараг итгэхгүй байгаа ч хөөрхий нохой хэзээ нэгэн цагт 5 жил хүлээсэн хүнээ олчихоосой хэмээн зарим нь бараг залбирдаг аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsooomko(112.72.12.248) 2013 оны 03 сарын 29

ymar orovdomoor ym be ish hoolhii

0  |  0
Top