Хуучин оны таагүй дурсамжуудаа “будаа болгож” байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 29

Тааламжгүй дурсамжуудаасаа салан, түүнийг улиран одож буй онтой хамт үдэхэд нь оршин суугчид, жуулчдад туслах зорилгоор цаас жижгэлдэг энгийн төхөөрөмжийг Нью-Йоркийн Таймс-сквер төв талбайд баасан гаригт байршуулжээ.

Шинэ жилийн өмнөх эдгээр өдрүүдэд хүссэн хүмүүс нь тийшээ очиж, 2012 онд тохиолдсон таагүй үйл явдлуудыг гэрчлэх "баримтуудыг” тэрхүү автомат төхөөрөмжид хийн, юу ч гүй болгож болох аж.

Хүмүүс дуртай нь аргагүй тэр машинд оочерлон, өөрсдийн экс-амрагийн фото, машины паркингийн торгуулийн хуудас, зардлын тооцоонууд, хэвлэлд нийтлэгдсэн таагүй зүйлс гэх мэт ер нь л тааламжгүй сэтгэгдэл төрүүлж болохуйц бүхий л “сөрөг цааснуудыг” түүн рүү хийн “будаа болгож” байна.

Жишээ нь, Нью-Йоркийн оршин суугч Адам “цаас хэрчигчид” “Сэнди”-тэй холбоотой материалууд хийн, энэхүү хар шуурганы уршгаар орон гэр нь сүйрч өөр тийш нүүх шаардлагатай болсон тул ахин ийм зүйл бүү тохиолдоосой хэмээн хүсэж байна гэж өгүүлжээ.

Мөн түүний араас нэгэн эмэгтэй гартаа барьсан ажлаас халах тухай захидлыг машинд хийн, “Эцсийн эцэст энэ онцгүй цааснаас салж чадсандаа баяртай байна. Тааламжгүй дурсамжаас иймэрхүү байдлаар хагацахад сэтгэл хамаагүй хөнгөрч байна” гэж ярьжээ.

Төхөөрөмж рүү мөн “илүүдэл жин”, “сургалтын зээл”, “өөрийгөө доогуур үнэлэх” гэх мэт янз бүрийн үгтэй цааснууд цувсаар. Хүн бүр л өнгөрөгч онд бүхнээс илүү амьдралд нь муугаар нөлөөлсөн зүйлийг бичиж байна.

Таагүй дурсамжаа “зажлуулахаас” гадна “цохиж нүдмээр” санагдвал төхөөрөмжийн хажууд тусгай алх байгаа аж. Мөн тэнд байнга жижүүрлэж байгаа ажилтнууд хүмүүст цаас харандаа өгч бичихэд нь тусалж байна.

Энэхүү ажиллагаа Нью-Йоркт 2007 оноос хойш зохиогдож байгаа ба санаачлагчдын нэг нь хуучны танилынхаа ярианаас сэдэлжүүлэг авсан байна. Түүний найзын өгүүлснээр, нью-йоркийн оюутнууд таагүй дурсамжаасаа салахын тулд цаасан дээр бичээд даавуун хүүхэлдэй рүү хийн, тэрхүү мануухайгаа шатаадаг уламжлалтай байсан аж. Ингээд Таймс-сквер дээр гал гаргаж болохгүй тул арга хэлбэрийг нь өөрчлөн цаас хэрчигчээр орлуулсан байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top