Оросын агаарын тээврийн Red Wings компанийн эзэмшлийн Ту-204 онгоц Бямба гаригт “Внуково” нисэх буудлын нисэлт-буултын талбайн хашлагыг даван шидэгджээ. Онгоц дугуйгаараа газарт хүрсэн боловч ямар нэг шалтгаанаар зогсоож чадаагүй байна.
Хашлага давсан онгоц шууд Киевийн автозам дээр шидэгдсэн аж. Хамгийн түрүүнд тэдэнд тусламж үзүүлэхээр замаар машинтай явж байсан энгийн жолооч нар гүйлдэн очжээ. Энэ үед нисэх буудлын гал унтраагчид түргэн шуурхай ажиллан хор хохирлыг хязгаарлаж чадсан байна.
Уг онгоц Чехийн Пардубице хотоос нисэж ирсэн ба зорчигчидгүй, зөвхөн нисэх багийн 12 гишүүн байсан аж. Тэдний дөрөв нь ослын улмаас амь эрсэджээ. Бусад гэмтэгсдийг эмнэлэгт хүргэсэн аж.
Москва хотын захирагч Сергей Собянин амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэн, тус бүрд нь нэг сая рублийн тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргалаа хэмээн Москва хотын захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Гульнара Пенькова сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Онгоцны “хар хайрцгийг” тэр дор нь олж авсан ба бичлэгийг шинжлүүлэхээр Улс хоорондын нислэгийн зөвлөлд хүргүүлжээ. Үүний дараа ослын шалтгааны эцсийн дүгнэлт гарах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )