Шинэ жилийн баярын үеэр хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна салют буудуулсны дараа эмх замбараагүй шахцалдаан үүсэн, 60 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан Кот-Дивуарын Засгийн газар тус улсад гурван өдрийн гашуудал зарлажээ.
Энэхүү эмгэнэлт явдлын учир шалтгаан одоо хүртэл тодорхойгүй байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр, зөрж орж ирэх хүмүүсээс өмнө амжиж гарах гэж олон мянган хүн нэгэн зэрэг хаалга руу зүтгэсэн гэж байгаа бол зарим гэрчүүдийн үгээр, хүүхдүүд гар утас хулгайлахын тулд хүмүүсийг хутгаар сүрдүүлж, цочрол үүсгэсэн гэж үзэж байгаа аж.
Кот-Дивуарын Ерөнхийлөгч Алассан Уаттара эмнэлэгт хэвтэж буй гэмтэгсдийг эргэн, тэдний эмчилгээний зардлыг улсаас даана хэмээн амлажээ. Абижаны амбан захирагч Роберт Мамбе амь үрэгдэгсдийн гэр бүлтэй очиж уулзсан байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, амь эрсдэгсдийн дотор 8-15 насны олон хүүхэд байсан аж.
Жич: Бүгд Найрамдах Кот-Дивуар Улс (фр. République de Côte d”Ivoire [ʁepyˈblik də kot diˈvwaʀ]), урьд Зааны Ясан Эрэг гэж нэрлэгдэж байсан нь Өрнө Африкт оршдог улс юм.
Кот-Дивуар улс 322,462 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 2009 онд 20,617,068 хүн амтай гэж тооцоологдсон.[1] Олон ястан, овгоос бүрддэг. Албан ёсны хэл нь Франц. Улсын нийслэл нь Ямусукро, ихийн их хот нь 3 сая гаран оршин суугчтай Абижан.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )