Costa Concordia хөлгийн сүйрлийн баримтууд нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 02

Бараг жил орчмын өмнө орчин үеийн түүхэнд хамгийн томд тооцогдох Costa Concordia хөлгийн сүйрэл Тосканы эргийн ойролцоо болсон билээ. Энэ бол олон улсыг хамарсан эмгэнэлт явдал байв.

Costa Concordia хөлөг онгоц 2012 оны нэгдүгээр сарын 13-ны орой сүйрсэн байна. Тэр өөрийн маршрутын дагуу Газрын дундад тэнгисээр явж байсан аж. Хөлөг дээр 62 орны 3216 зорчигч, хөлгийн багийн мянга орчим гишүүд байжээ.

Оройн 10 цагийн орчим, ихэнх зочид оройн зоогоо барьж байх үед, Жилио арлын дэргэд хөлөг онгоц хад мөргөсөн аж. Хөлгийн ахмад Франческо Скеттино эхлээд хөлгийн хөдөлгүүрт асуудал гарлаа хэмээн зарласан боловч нэг цагийн дараа болохоо байнгуут нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн байна. Ингээд учраа олохгүй сандралдан, бөөн эмх замбараагүй байдал үүсчээ. Ахмад Скеттино хамгийн түрүүнд хөлгийг орхисон байна. Аврах ажиллагаа шөнөөр явагджээ. Завь хэрэгсэл олдоогүйг нь нисдэг тэргээр аван, зарим нь өөрсдөө сэлэн эрэгт гарсан аж. Нийт 32 хүн аврагдаж чадалгүй амь эрсэджээ.

Сүйрлийн мөрдөн шалгах ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа ба гол буруутан нь ахмад Франческо Скеттино хэмээн үзэж байна. Эхлээд тэрээр өөрийн танилаа мэндчлэхийн тулд хөлгийг эрэг рүү залсан хэмээн мэдүүлж байснаа дараа нь өөрчлөн, хөлгийг эзэмшигч компанийн менежерийн тушаалыг дагасан гэсэн байна. Хэвлэл мэдээллээр, түүний анхаарлыг залуу амраг Доминика Чемортан хэмээх молдав бүсгүй нь татсан гэсэн шуугиан таржээ.

Одоогоор Скеттино гэрийн хорионд байгаа ба 15 жилийн ял сонсох магадлалтай байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top