Хятадууд “The New York Times” сонины сэтгүүлчийн визийг сунгасангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 02

Хятадын эрх баригчид америкийн “The New York Times” сонины сэтгүүлчийн визийг сунгахаас татгалзсан нь шинэ оны таагүй сюрприз болжээ.

Энэ сонин Хятадын ерөнхий сайд асан Вэнь Жибаогийн гэр бүлийнхний эд хөрөнгийн талаар илчилсэн нийтлэлийг хоёр сарын өмнө нийтэлж байсан билээ. Уг нийтлэлд засгийн газрын тэргүүний ойрын хамаатнууд, түүн дотор эхнэр, настай ээж нь бараг гурван тэрбум долларын хөрөнгө эзэмшдэг талаар дурдсан байна. Экс ерөнхий сайдын гэр бүлийнхэн шинэчлэлийн жилүүдэд улсын дэмжлэг болон бусад эргэлзээ бүхий санхүүгийн ажиллагааны буянаар баяжицгаасан аж. Жибаогийн ойр дотныхон дэлхийн томоохон даатгалын болон барилгын компаниудын хувьцааг эзэмшдэг юм байна.

Тэрхүү нийтлэл намын удирдлагаа солих ёстой байсан Хятадын Коммунист намын XVIII их хурлын өмнөхөн нийтлэгдсэн билээ. Уг шуугиант нийтлэлийг Хятадад тэр даруйд нь хориглосон боловч анзаарагдалгүй өнгөрч чадаагүй аж. Хятадын гадаад явдлын яам болон Вэнь Жибаогийн өмгөөлөгчид түүнийг үгүйсгэн, гүтгэлэг хэмээн үзжээ.

Шинэ жилийн өмнөхөн Бээжинд ажилладаг бүх гадаадын сэтгүүлчид визээ сунгуулахаар паспортоо өгчээ. Гэтэл “The New York Times” сонины сэтгүүлч Крис Баклиг 15 жилийн хугацаанд анх удаа Хятадад ажиллуулахаас татгалзсан байна.

Улиран одсон оны таагүй явдлыг хятадууд шинэ онд  марталгүй, “The New York Times”-аас ороо авч байгаа бололтой.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top