Хилэгнэсэн энэтхэгчүүд хүчирхийлэгчдийг цаазлахыг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Өнөөдөр Энэтхэгт тус орны түүхэнд хамгийн хурц ширүүн шүүх хурал болж байна. Нью-Дели хотод оюутан охиныг зэрлэг балмадаар хүчирхийлсэн бүлэг этгээдийг шүүж байгаа аж.

Анагаахын сургуулийн 23 настай оюутан бүсгүй орой кино үзчихээд найз залуутайгаа буцаж явахдаа нэгэн хувийн автобусанд суусан аж. Түүн дотор нэлээн хэдэн зорчигчид байсан ба сүүлд тодруулснаар бүгд жолоочийн танилууд байжээ. Тэд бүсгүйг нь өдөж хоргоогоод байсанд залуу дургүйцэн хэдэн үг хэлтэл, тэд улам зэрлэгшин, хоёр нь залууг барьж байгаад бусад нь дараалан найз бүсгүйг нь хүчиндсэн байна. Дараа нь тэднийг автобусны явдал дунд гадагшаа чулуудсан аж.  Эргүүлийн цагдаа нар цагийн дараа тэднийг олж,их хэмжээний гэмтэл шархтай бүсгүйг эмнэлэгт хүргэжээ. Гэвч өнгөрөх бямба гаригт бүсгүй Сингапурын эмнэлэгт нас барсан билээ. 

 Хотын гудамжнаа олон мянган хүн жагсан, гэмтнүүдэд цаазын ял оноохыг шаардаж байна.

Уг хэрэг гарсан арванхоёрдугаар сарын 16-наас хойш энэтхэгийн томоохон хотуудад өдөр бүр эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа билээ. “Делийн сайд Шейла Дикшитийн уриалгын хариуд энд олон мянган бүсгүйчүүд цугларсанд бид бахархаж байна. Тэдний эрхийг хамгаалах хэрэгтэй. Энэ жагсаал зөвхөн Дели төдийгүй бүх орон даяар өрнөх болно” хэмээн жагсаалд оролцогч Хари Сингх өгүүлжээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top