Аргентины төрийн тэргүүн Кристина Фернандес де Киршнер маргаантай Мальвины /Фолклендийн/ арлуудын харьяаллын талаар Их Британи хэлэлцээрийн ширээний ард суух ёстой хэмээн мэдэгджээ. Энэ талаар Аргентины Ерөнхийлөгч Нэгдсэн вант улсын Ерөнхий сайд Дэвид Кэмеронд илгээлт явуулахдаа дурдсан байна.
Өмнөд Америкийн эргийн дагуу оршдог энэхүү арлууд одоогийн байдлаар Аргентин өөрийн газар нутаг хэмээн тооцдог ч Их Британийн хяналтанд байдаг аж.
“180 жилийн өмнө колоничлолын системийн уршгаар эдгээр арлуудыг Аргентинаас булааж авсан. Тэнд амьдарч байсан аргентинчуудыг Их Британийн цэргүүд шахаж гарган, Нэгдсэн вант улс бусад колони газрын адил төлөвлөгөөтэйгөөр суурьшилт явуулсан” хэмээн Киршнер онцлон дурджээ.
Арлын оршин суугчид өөрсдийн хүслээр захирагдаж байгаа хэмээн Их Британийн зүгээс мэдэгдсэн байна. “Тэд эдийн засгийн болон улс төрийн харилцаанд өөрсдөө сонголт хийх эрхтэй ба хувь заяагаа бие даан шийдвэрлэж чадна” хэмээн Нэгдсэн вант улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч өгүүлжээ.
2013 оны эхний хагаст харьяаллын асуудлаа шийдэх талаар бүх нийтийн санал асуулга Мальвины арлууд дээр явуулах талаар төлөвлөж байгаа аж. Британийн хэвлэл мэдээллүүдэд өгүүлж буйгаар, арлуудын оршин суугчдын ихэнх нь Нэгдсэн вант улсын засаг захиргаанд үлдэхийг чухалчилж байгаа гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )