Google интернет-гигантын захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт Хойд Солонгост зочлох хүсэлтэй байгаа талаараа АНУ-ын засаг захиргаатай санал бодлоо солилцжээ. Шмидттэй хамт америкийн Нью-Мексико мужийн амбан захирагч асан Билл Ричардсон хамт явахаар төлөвлөж байгаа аж.
Хойд Солонгосын зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон дэлхийн хамтын ажиллагааны шаардлагыг үл хайхран пуужин хөөргөсөн явдалтай холбогдуулан тэдний энэхүү саналыг төдийлөн ач тустай зүйл биш хэмээн үзэж буйгаа АНУ-ын төрийн департментын хэвлэлийн албаны дарга Виктория Нуланд мэдэгдсэн байна.
Билл Клинтоны ерөнхийлөгчийн захиргаанд Ричардсон Эрчим хүчний сайд, НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч зэрэг алба хашиж байжээ. Тэрээр цөмийн асуудлыг зохицуулахад хамтран ажиллах чиглэлээр өмнө нь хэдэн удаа Хойд Солонгост очиж байсан аж. Иймээс Ричардсоны хувьд энэ оронтой эртний харилцаатай, удирдлагынх нь итгэлийг аль хэдийн олж чаджээ.
Шмидт, Ричардсон нар “хувь хүний” журмаар, албан ёсны бус байдлаар тус улсад очих бөгөөд америкийн засаг захиргааны зүгээс Пхеньянд хандсан ямар ч илгээлт авч явахгүй, мөн АНУ-ын албаны ямар ч хүн тэднийг дагалдахгүй гэдгийг Нуланд онцлон дурдсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )