Оттавио Миссонигийн том хүү, “Миссони” загварын агентлагийн өв залгамжлагч 58 настай Витторио Венесуэлд сураггүй алга болсон байна. Италийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Витторио эхнэр, найз нөхөдтэйгөө Лос-Рокес арал дээр шинэ жилийн баяр тэмдэглэчихээд бага оврын жуулчны онгоцоор Каракас руу ниссэн аж.
Хамгийн сүүлд, нэгдүгээр сарын 4-ний үдээс хойш дөрвөн цагийн үед онгоцны нисэгч холбоо барин, удалгүй радараас алга болж, диспетчерт хариулахаа больжээ. Алга болсон онгоцны эрлийг тэр өдөр эхэлсэн боловч одоо хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Витторио компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллан, гадаад харилцаагаа хариуцдаг байжээ.
Дөрвөн жилийн өмнө, яг энэ газарт, ижил нөхцөлд, жуулчидтай жижиг онгоц алга болон, усан дотор ч, газар дээр ч ул мөр олдоогүй байна.
Лос-Рокес арлын нисэхийн чиглэл хамгийн аюултайд тооцогддог аж. Итали, Франц, Их Британийн Гадаад харилцааны яамнаас онгоцууд нь найдвар муутай, нисэгчид нь хангалттай чадварлаг бусыг харгалзан, тухайн орон нутгийн жижиг нисэхийн үйлчилгээг хэрэглэхгүй байхыг урьдчилан анхааруулдаг юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )