АНУ-д Даваа гаригт Колорадо мужийн Аврора хотын кинотеатрт Бэтмений шинэ цувралын нээлт болох үеэр үзэгчид рүү гал нээн, 12 хүнийг хөнөөж, 58 хүнийг шархдуулсан 25 настай Жеймс Холмсын хэргийг хэлэлцэж эхэлжээ.
Танхимд олон тооны хохирогчид, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн хүрэлцэн ирсэн ба энэхүү ажиллагаа хэд хоног үргэлжилсний дараа прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч Уильям Сильвестер шүүх ажиллагаа эхлэхэд хангалттай үндэслэл байгаа эсэхийг шийдэх аж.
166 зүйл ангиар буруутгагдаж байгаа Жеймс Холмс танхимд ирсэн ба нүүр царайд нь ямар ч сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг илрэхгүй, хэлэлцүүлгийн явцад ганц ч үг дуугараагүй байна.
Холмс Колорадо мужийн Денвер хотын Их сургуульд докторантад сурч байсан ба уг эмгэнэлт явдал гарахаас сарын өмнө хичээлдээ явахаа больсон аж. Тэрээр нэлээн хугацаанд их сургуулийн сэтгэл зүйчийн хяналтанд байсан нь шүүхийн баримтаар тогтоогджээ. Аврорагийн хэргээс өмнө Холмс хууль хяналтын байгууллагатай зөрчилдөж байгаагүй ба 2011 онд ганц удаа л машинтай явж байгаад цагдаагаас зугатах оролдлого гаргасан хэмээн шүүхэд дуудагдаж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )