Талибууд өөрсдийн хамгийн аюултай дайсанд тооцдог, хүний эрхийн төлөө тэмцэгч, 15 настай Малала Юсуфзаи хэмээх пакистан охин Францын Симон де Бовуарын нэрэмжит шагнал хүртжээ. Энэ шагналыг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдэд олгодог аж. Шагнал гардуулах ёслол францын нийслэлд болж охиныг төлөөлөн түүний эцэг Зияуддин Юсуфзаи гардан авчээ.
“Манай оронд аавууд ихэвчлэн хөвгүүдийнхээ ачаар алдаршдаг. Би харин охиныхоо буянаар бусдад танигдсан,аз жаргалтай цөөхөн эцгүүдийн нэг боллоо” хэмээн Юсуфзаи шагнал гардсаны дараа өгүүлсэн байна.
Юсуфзаин бодлоор, пакистаны нутаг дэвсгэрт дайтаж буй “Талибан” хөдөлгөөнийхний шариатын дэглэм тогтоох гэсэн төлөвлөгөө нурсан учраас эрт орой хэзээ нэгэн цагт энхийн хэлэлцээрт хүрэх нь гарцаагүй хэмээн үзэж байна. “Хэрэв талибууд өөрсдийн үзэл бодлыг пакистанчуудад хүчээр тулгахад хүрвэл 180 сая хүний хувь заяагаар тоглох болно” гэж тэрээр нэмэн өгүүлжээ.
Малала Юсуфзаи охин 11 настайгаасаа интернет-блог хөтлөн, 2007-2009 онуудад Сват хөндийд “Талибаны” дайчдын үйлдэж байсан цаазлал, яргаллыг дэлхий нийтэд танилцуулж байсан ба 2011 онд тэрээр дэлхийн хөгжилд оруулж буй хувь нэмрийн төлөө Олон улсын хүүхдийн шагналд нэр дэвшиж байжээ.
Түүний хийж буй үйлдэл амь насанд нь аюул учруулж эхэлсэн аж. Өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр түүний сууж явсан сургуулийн автобусыг террористууд буудсан байна. Уг халдлагын хариуцлагыг "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэл өөртөө хүлээсэн аж.
Хүний эрхийн төлөө тэмцэгч охин хүзүү, толгойдоо шархдан, Пакистаны мэс засалчид сумыг авсны дараа түүнийг Нэгдсэн вант улсын “Хатан хаан Элизабет” эмнэлэгт хүргэсэн байна. Малала саяхан эмнэлгээс гарсан ба аавын хамт Их Британид амбулаториор эмчлүүлж байгаа аж.
Дашрамд дурдахад, Симон де Бовуарын шагнал францын феминист хөдөлгөөний алдартай үзэл сурталчийн 100 насны ойг тохиолдуулан, 2008 оноос олгож эхэлсэн ба шагналын фонд нь 20 мянган евро юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )